Филиппин улсыг Мелор далайн хар шуурга чиглэж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын хэмжээнд 733,000 хүн орон гэрээ орхиж, нүүхэд хүрээд байна. Асар хүчтэй далайн хар шуурга Филиппиний эргийн бүсэд ойртох тусам бороо хур улам бүр ширүүсч байгаа юм. Хуй салхи эрэгт бүрэн хүрээгүй байгаа ч эргийн хотуудад цахилгаан эрчим хүчний доголдол үүсч, хурдны галт тэрэг болон нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсоод байна. АНУ-ын Цаг уурын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр өгсөн мэдээллээр Мелор далайн хар шуурга 230 километр цагийн хурдтай урагшилж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Мелор далайн хар шуурганы аюулын зэрэглэлийг 4-р түвшинд хүргээд байна. Одоогоор далайн хар шуурга Миндоро хэмээх жижиг арлыг дайран өнгөрөөд байна. Хар шуурганы нөлөөгөөр Филиппиний эргийн бүсийн хотуудад салхины хурд ширүүсч, үүнээс үүдэн цахилгааны шон, зарлалын самбарууд ар араасаа нурж байна. Одоогоор нэг хүн хүнд төмөрт даруулсны улмаас амиа алдаад байгаа бөгөөд салхи асар хүчтэй салхилж байгаа учир ард иргэдийг гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Эрх баригчид завьтай далайд гарахыг бүрэн хориглож, нислэгүүдийг цуцлаад байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/