Саудын Арабын үндэсний мэдээллийн агентлаг болох "Saudi Press Agency" өнгөрсөн Даваа гаригт 34 орныг нэгтгэсэн цэргийн эвсэл байгуулагдаж байгаа талаар мэдээллээ. Саудын Арабын тэргүүлж буй цэргийн эвслийг "Исламын цэргийн эвсэл" хэмээн нэрлэхээр тогтоод байгаа бөгөөд Эр-Риядад төвтэй эвсэлд Египет, Катар, АНЭУ, Турк, Малайз, Пакистан зэрэг Исламын шашин бүхий улс орнууд багтаж байгаа аж. Голцуу Арабын орнууд нэгдсэн цэргийн эвсэлд Африк тивийн хэд хэдэн улс ч элсээд байгаа юм. Ийнхүү өргөн бүрэлдэхүүн бүхий цэргийн эвсэл байгуулж байгаагийн гол зорилго нь террорист бүлэглэлүүдтэй тэмцэх явдал юм.
Өдгөө хамгийн эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй "Исламын улс" бүлэглэлээс гадна Ойрхи Дорнод болон Африкт нөлөөгөө тогтоох болсон зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг "Исламын цэргийн эвсэл" тэмцэх юм байна. "Saudi Press Agency" мэдээллийн агентлагийн дамжуулснаар Исламын шашинт улс үндэстнүүдийн аюулгүй байдлыг хамгаалах нь өдгөө нэн тулгамдсан асуудал болоод байгаа ажээ. Тиймээс ч цэргийн хүчирхэг эвсэл байгуулах замаар Исламын шашин шүтдэг үндэстнүүдийг хамгаалахаар зорьж байгаа юм. АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл "Исламын улс" бүлэглэлд гол анхаарлаа хандуулж тус бүлэглэл рүү агаарын цохилт өгөх нэрийдлээр Ирак Сирийн газар нутгийг тасралтгүй бөмбөгдөж байгаа юм. "Исламын улс"-аас хүч чадлын хувьд харьцангуй бага ч элдэв террорист халдлага дайралт үйлддэг бүлэглэлүүд Ойрхи Дорнод болон Африкт байсаар байгаа юм. Тиймээс эдгээрийн эсрэг тэмцэхэд "Исламын цэргийн эвсэл" голчилон анхаарах юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)