Өчигдөр буюу өнгөрсөн Даваа гаригт АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама мэдэгдэл хийж, Сирийн нутаг дэвсгэрт нөлөөгөө тогтоогоод байгаа "Исламын улс" бүлэглэлийн эсрэг дайралт довтолгооныг улам бүр эрчимжүүлж байгааг зарлалаа. Тэрээр террорист бүлэглэлийн удирдагч биднээс нуугдаж чадахгүй хэмээгээд "Исламын улс"-ын мэдэлд байгаа газар нутгийн хэмжээ улам бүр багасч, нөлөөгөө алдсаар байгаа гэдгийг хэлсэн юм. Тодруулбал Ирак дахь хяналтын бүсийнхээ 40 орчим хувийг сүүлийн нэг сарын дотор алдсан байна.
АНУ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тусгай хүчнээ дайчилж, хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлж байгаа юм. АНУ-ын тусгай хүчнийхэн Ракка хотын орчимд байрлаж цэргийн ажиллагаа явуулах юм.
Барак Обамагийн хувьд алан хядагчидтай хийх тэмцлийг цаашдаа улам бүр эрчимжүүлж, шаардлагатай гэж үзвэл ОХУ-тай ч хамтрана хэмээн мэдэгдсэн удаатай. Ямартай ч АНУ тэргүүтэй 65 орны цэргийн эвсэл "Исламын улс" бүлэглэлийн алан хядагчидтай 2014 оноос хойш тэмцэж байгаа юм. Цэргийн эвсэл голцуу агаарын дайралт хийх замаар Курдын хүчнийг дэмжиж байсан юм.
АНУ-ын хувьд эхний ээлжинд экстремист бүлэглэлийн удирдагчдыг баривчлах мөн зэвсэгт босогчдыг бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй болгохоор зорьж байгаа юм. Энэ зорилтын хүрээнд "Исламын улс"-ын босогчдын бэлтгэл сургуулилалт хийдэг байршлыг бөмбөгдсөөр байгаа юм. Үүнээс гадна тус бүлэглэл хаанаас ямар арга замаар санхүүжилт олж авч байгааг нэг бүрчилэн тогтоож, хөрөнгө санхүүгийн хувьд чадавхигүй болгох хэрэгтэй гэсэн юм. "Исламын улс" газрын тосны олборлолт боловсруулалтаар их хэмжээний ашиг орлого олдог гэсэн мэдээллийг Оросын тал ил болгоод байгаа бөгөөд тус бүлэглэлд мөнгөн тусламж үзүүлдэг улс орнууд ч байгаа хэмээсэн юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/