Хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, Хятадын хуульч Пү Зичиангийн шүүх хурал өчигдөр Бээжин хотноо эхэлсэн байна. Түүнийг эрх баригч Хятадын Коммунист Намыг олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн хэргээр шүүхээр болсон юм.
Пү Зичиангийн шүүх хурал даваа гаригийн өглөө Бээжин хотын Иргэний Хоёрдугаар Шүүхэд эхэлсэн бөгөөд түүнийг дэмжихээр ирсэн дэмжигч болон сэтгүүлч нарыг хүчний байгууллагынхан шүүхийн үүднээс хүчээр холдуулсан аж.
Пү Зичиангийг дэмжигчид түүнийг буруу зүйл огт хийгээгүй гэж байгаа бол олон улсын хүний эрхийн байгууллагууд энэхүү хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын зүгээс түүнд 8 жил шоронд хоригдох ял оноож магадгүй байгаа талаар хэлсэн байна.
"Хятадын Твиттер" гэгддэг Сина Вейбо олон нийтийн вебсайтад Хятадын Коммунист Намын зүгээс БНХАУ-ын Түвд болон Шинжааны бүсэд амьдарч байгаа түвд, уйгурын үндэстний цөөнхөд чиглэсэн бодлого, мөн улс төрийн зарим албан хаагч нарыг шүүмжилж бичсэнийх нь төлөө түүнд хэрэг үүсгээд байгаа юм. БНХАУ-ын Засгийн Газрын зүгээс сүүлийн 2 жилийн хугацаанд олон арван хуульч болон хүний эрхийн төлөө тэмцэгч нарыг баривчилжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (2)