Одоогийн Ерөнхийлөгч Дилма Руссеффийг албан тушаалаас нь огцруулахыг Конгрессээс шаардсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан өнгөрсөн ням гаригт Бразил улсад орон даяар зохион байгуулагдсан байна. Ерөнхийлөгчийг огцруулахыг шаардсан жагсаал, цуглаан Бразилийн олон хотуудад явагдсан бөгөөд хамгийн олон хүнийг хамарсан нь Рио Де жанейро болон Сан Пауло хотууд байлаа.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын ихэнх нь тус улсын хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг өмсөн оролцсон байна. Жагсагчид улсынхаа Ерөнхийлөгч болон түүний тэргүүлдэг Ажилчдын Намыг авилгалд идэгдсэн хэмээн шүүмжилсэн уриа лоозонг барин жагсчээ. Энэ удаагийн жагсаал, цуглааныг оны эхээр мөн ижил төрлийн арга хэмжээг зохион байгуулж байсан барууныг баримтлагч улс төрийн бүлэглэлийнхэн зохион байгуулсан байна. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффийн тамгын газрын зүгээс төсвийн хохирлыг барагдуулахын тулд төрийн банкуудыг ашигласнаар тус улсын татварын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Энэ асуудлаар Конгрессээс ямар арга хэмжээ авах талаар одоохондоо шийдвэр гараагүй байгаа тул Бразилын дээд шүүх хэргийг түр хойшлуулаад байгаа билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/