“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулж буй “Монгол туургатан” боксын анхдугаар их наадам Бөхийн өргөөнөө үргэлжилж байна. Энэхүү тэмцээний 64 килограммын жинд улаан булангаас спортын мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Отгон-Эрдэнэ, хөх булангаас “Ширэн бээлий” клубын тамирчин, спортын дэд мастер Г.Баярхүү нар тулалдаж Г.Баярхүү ялалт байгууллаа.
Спортын дэд мастер Г.Баярхүү нь битүү өрөлттэй, шаргуу тулалдаг тамирчин гэдгээрээ онцлогтой бөгөөд тулааны туршид бяраар илүүрхэж байсан юм. Өнөөдрийн тулаанд эхний 24 тулаан болох бөгөөд тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт гурван минутаар гурван раундаар явагдах юм. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт зургаан жинд явагдах бөгөөд жин тус бүрт манай улсаас дөрөв бусад улсаас нэг тамирчин оролцож буй.