Эхийн сүүнд нярай хүүхдийн усны хэрэгцээг хангах хэмжээний ус агуулагддаг. Ийм учраас дан эхийн сүүгээр хооллож буй хүүхдэд нэмэлт ус өгөх шаардлагагүй. Хүүхдийг эрүүл өсгөх, аз жаргалтай, тайван байлгахын тулд “эхний 6 сар эхийн сүүгээр хооллох” нь маш чухал юм. Эхийн сүүгээр хооллодог хүүхэд хэт халуунд шингэн алдах, их хэмжээгээр бөөлжих зэргийн зовиуртай байгаа бол нэмэлт ус өгөх шаардлагатай.
Хэрвээ таны хүүхэд угжаар хооллодог бол зайлшгүй нэмэлтээр ус уух шаардлагатай. Нөгөөтэйгүүр ээж нь угжийг нь бэлтгэж өгөхдөө усны хэмжээнд маш сайн анхаарах ёстой.
Цангасан хүүхэд яг л өлссөн хүүхэд шиг уйлдаг. Ийм болохоор эхчүүд үүнийг төдийлөн ялгаж мэдэхгүй цангаж байгаа хүүхдэд, сүү, угж найруулж өгдөг. Хүүхэд өгсөн зүйлийг тэр дор нь хөхөж орхино. Гэхдээ түүний амны цангаа гарахгүй, улам л нэмэгдэх болно. Иймээс ээжүүд хүүхдээ уйлахад цангасан байх магадлалыг заавал бодолцож үзэх ёстой. Цангааг нь гартал бага багаар сайн ус өгөх хэрэгтэй.
Хүүхдийн бөөр шээсийг сайтар өтгөрүүлэн хурааж чаддаггүй учир биедээ агуулагддаг хортой бодисыг гадагшлуулахын тулд илүү их ус хэрэглэдэг. Иймээс хүүхэд нэмэгдэл хоол тэжээл идэж эхлэхээр шингэн хүүхдэд /ус/ дутагдах эрсдэл нэмэгддэг. Хүүхдэд нэмэлт хоол тэжээл өгч эхэлмэгц заавал ус өгөх ёстой.
Ус бол насанд хүрсэн хүний биеийн 50-60 хувийг бүрдүүлж байдаг. Хугацаандаа төрсөн нярай хүүхдийн биеийн 70 хувийг, дутуу төрсөн хүүхдийн биеийн 80 хувийг ус эзэлдэг байна. Насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад нярай хүүхдийн бие дэх илүүдэл ус, эсүүд хооронд, цусны эргэлтийн системд байдаг. Ус нь хөлрөх, шингэн баас алдах, шээсээр амархан гадагшилдаг. Алдагдсан усыг нөхөхгүй бол хүүхдийн амь нас аюулд өртөх эрсдэлтэй.