"Time" сэтгүүл Ангела Меркелийг оны хүнээр нэрлэсний дараа үүнтэй санал нийлэхгүй хэсэг бүлэг гарч ирж байна. Тодруулбал энэ оны хүнээр ОХУ-ын төрийн тэргүүн нэрлэгдэх ёстой байсан хэмээн үзэх иргэд цөөнгүй байгаа юм. Тодорхой улс төрийн зорилгоор Ангела Меркелийг "Оны хүн"-ээр тодруулсан гэж үзэх хүмүүс ч байгаа юм. "Time" сэтгүүлийн хувьд "Оны хүн”-ээс гадна тухайн жилийнхээ хамгийн сөрөг дүр төрх болсон хүнийг зарладаг уламжлалтай. Энэ жилийн онцлох муу хүнээр "Исламын Улс" террорист бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдади нэрлэгджээ.
"Оны хүн"-ээр шалгарах магадлалтай 8 эрхмийн нэгээр “Исламын улс” бүлэглэлийн тэргүүн Абу Бакр аль-Багдади нэрлэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хувьд "Исламын улс" бүлэглэл дэлхийн олон хэсэгт халдлага дайралт үйлдэж, асар их хор хохирлыг авчирсан билээ. "Исламын улс" бүлэглэлийн хувьд цаашдаа үйл ажиллагаагаа улам бүр эрчимжүүлнэ хэмээн мэдээлж, газрын тос олборлолт боловсруулалтанд тулгуурлан хөрөнгө санхүүгээ улам бүр зузаатгаж байгаа юм. Өдгөө тус бүлэглэлийн эсрэг дэлхийн их гүрнүүд асар их хүчээр дайрч довтолж байна.
2015 оны “Оны хүн” болох хамгийн өндөр магадлалтай байсан найман хүний нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бөгөөд тэрээр "Forbes"-оос эрхлэн гаргадаг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд"-ийн жагсаалтыг сүүлийн хэдэн жил тасралтгүй тэргүүлж байгаа юм. Түүний үг хэл, шийдэл шийдвэр дэлхий дахинд нөлөөтэй байсаар байна.
"Time" сэтгүүлийн тодорхойлсноор энэ оны хамгийн нөлөө бүхий мөн хамгийн сонирхолтой эрхмээр Олимпийн аварга, трансжендер Кейтлин Женнер тодорсон юм. Хөнгөн атлетикийн тамирчин, Олимпийн Арван төрөлтийн аварга, Кейтлин Женнер бэлгийн цөөнхийн эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ танигдах болоод байгаа юм. Тэрээр "Keeping up with the Kardashians" цувралын нэгэн од бөгөөд 2015 оны 4-р сард олон жил нуусан бэлгийн чиг хандлагаа ил болгосон юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (3)