УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр тэтгэвэр тойрсон асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
Тэрбээр энэ үеэр Хамтын тэтгэврийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Эдгээр хуулийн төслүүдэд малчны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох, нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх нөхцлийг бүрдүүлэх, малчин иргэдэд 1990 оноос хойшхи нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох гэсэн үндсэн дөрвөн асуудал тусгагджээ.
Д.Оюунхорол гишүүн энэ талаар "Малчнаар ажилласан 1 жилийг 1.6 жилээр тооцох хуулийн төслийг олонхи хэлэлцэхгүй өнөөг хүртэл хойшлуулсан. Тэгсэн атлаа АН-ын бүлгийн гишүүд дээрх хуулийн санааг хуулбарлаж, 1.2 жилээр тооцох хуулийн төслийг өргөн барихад нь хэлэлцэж байна. Намын бүлгүүдэд ялгавартай хандаж байна" гэсэн юм. Тэрбээр өмнө нь чуулганы үеэр МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт хулгайлсан гэсэн мэдэгдлийг хийж байсан билээ.
Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг хүмүүс ихэд гайхаж хүлээж авав. Бүр зарим нь хоёр ааштай хэмээн твиттерт жиргэжээ. Учир нь тэрбээр өмнө нь Д.Батцогт гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн хуулийн төслүүдийг дэмжиж байсан юм. Бүр уг хуулийн төслийг дэмжээд гарын үсгээ зурсан байгааг доорх баримтаас харж болно. Өмнө нь дэмжиж гарын үсэг зурсан мөртлөө өнөөдөр дэмжихгүй хэмээн мэдэгдэл хийж яваа нь Д.Оюунхорол гишүүнийг хоёр ааштай хэмээн хэлүүлэхэд хүргэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)