АНУ-ын байлдааны зориулалтын аварга том хөлөг онгоц далайд гарсан нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Өнгөрсөн Даваа гаригт анх удаа далайд гарсан хөлөг онгоц нь АНУ-ын түүхэнд байгаагүй асар өндөр хүчин чадал бүхий сөнөөгч онгоц болохыг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл энэхүү хөлөг нь өнөөгийн Америк орны мэдэлд байгаа хөлөг онгоцнууд дотроос хамгийн их зардлаар боссон хүчирхэг нь ажээ. "Bath Iron Works" хэмээх томоохон усан онгоц үйлдвэрлэгчийн бүтээл болох "USS Zumwalt" нь сөнөөгч онгоц бөгөөд анхны аялалаа Атлантын далайг чиглэн хийж байгаа юм. 182 метрийн урттай, 15,000 тонн жинтэй сөнөөгч онгоцыг далайд гарган туршиж байгаа юм. Ингэснээр сөнөөгч онгоцыг дахин өөрчилж засварлах хэрэгтэй эсэхийг тогтоох юм байна. Ирэх оноос ажиллагаанд гарч эхлэх "USS Zumwalt" онгоцыг ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгөхөөс өмнө ийнхүү хэд хэдэн удаа тээврийн усан онгоц хэлбэрээр далайд гаргаж байгаа юм. Нийт 4,4 тэрбум америк долларын өртгөөр боссон энэ онгоц цахилгаан сэлүүр, хүчирхэг их буу, мөн пуужингаар тоноглогдсон байна. "USS Zumwalt" онгоцыг хамгийн аюултай зэвсэг болгож буй хүчин зүйл нь энэ онгоц тусгай долгион ялгаруулах замаар радарт харагдахгүй байж чаддаг юм байна. Өөрөөр хэлбэл бусад төрлийн сөнөөгч онгоцнууд хяналтын радарт харагдаж эдгээрийн хөдөлгөөнийг хянах, ойртон ирж буй эсэхийг нь мэдэх боломжтой байдаг байхад "USS Zumwalt" ийм бололцоог өгөхгүй ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/