Манай мэдээллийн албаны албан ёсны эх сурвалж болох "Ассошиетэд Пресс" агентлагийн сэтгүүлчид Калифорниа муж дахь ундны усны хэд хэдэн эх үүсвэрт хийсэн шинжилгээг ил болголоо. Газар тариалангийн бүс нутаг болсон Калифорниа мужийн хамгийн том фермүүдийн усаа авдаг эх үүсвэрт шинжилгээ хийсэн бөгөөд эндээс их хэмжээний ураны агууламж илэрсэн байна. Зарим газрын усанд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү хэмжээний уран агуулагдаж байгаа болохыг холбогдох хяналтын байгууллагууд тогтоосон байна. "Ассошиетэд Пресс" агентлагийн дамжуулж байгаагаар тус мужийн эрх баригчид энэ талаархи мэдээллийг ил болгохоос цааргалж байгаа ажээ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ураны агууламж бүхий ус цаашлаад хүнсний ногоог хэрэглэсээр байвал төрөл бүрийн хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг аж. Уран нь эхлээд хүний бөөрийг гэмтээж, цаашлаад олон төрлийн өвчин эмгэг үүсгэдэг юм. Тиймээс ч Калифорни мужийн ард иргэд ундны усаа дэлгүүрээс худалдан авах нь улам түгээмэл болж байна. Зарим иргэдийн хувьд худгаас зөвхөн хэрэглээний усаа авч ундандаа цэвэршүүлсэн ус хэрэглэх болсон байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/