“Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийн түүвэр
Нарны мутраар тэрлэсэн сүүтэй мөрүүдээс минь амсана уу...
Сарны нүдээр тольдсон дарстай шүлгүүдээс минь тогтооно уу...
Ном ингэж эхэлдэг. Зохиолч Хишигнямын Дуламсүрэн энэхүү шүлгийн түүвэртээ амьдралын баяр жаргалтай мөчүүд, хайрын үнэ цэнэ, хорвоо дэлхийн гайхамшиг, хүний мөн чанар тэдгээрийн гэгээ гэрэлтэй талыг түлхүү гаргаж өгөхийг хичээсэн. Тиймдээ ч нарны мутраар бичиж, сарны нүдээр тольдсон хэмээн шүлэгнүүдээ нэрлэсэн.
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна номд 2013 оноос 2015 оны хооронд бичсэн нийт 198 шинэ шүлэг орсон. Ном нийтдээ гурван хэсэгтэй бөгөөд "Нарны мутраар тэрлэсэн сүүтэй мөрүүд" хэмээх эхний хэсэгт эцэг эх, үр хүүхэд, найз нөхдийн үнэ цэнийг харуулсан 70 гаруй шүлэг багтсан бол “Сарны нүдээр тольдсон дарстай шүлгүүд” хэсэгт амраг хань, янаг хайрын тухай нийт 55 шүлэг оржээ. Сүүлийн “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” хэсэгт дэлхий ертөнцийн гайхамшиг, хүний хорвоогийн утга учир, байгалийн сайхныг дүрслэн харуулсан 121 шүлэг багтсан байна.
Хишигнямын Дуламсүрэнгийн Нүцгэн ирсэн, нүцгэн буцна ном нь түүний гурав дахь шүлгийн түүвэр бөгөөд өмнө нь 2005 онд "Зүрхэнд унасан нүд", 2010 онд "Сэтгэлийн зүйдэл" шүлгийн номоо гаргаж байсан юм. Тэрээр сүүлийн жилүүдэд шүлэг зохиолоо цахим хуудсанд тавьж түүний шүлэг зохиолыг уншдаг, дэмждэг олон арван уншигчидтай болж чадсан юм. Нүцгэн ирсэн, нүцгэн буцна шүлэг нь хамгийн олон уншигчтай буюу нийт наян мянган хүнд хүрсэн тул тэрээр шүлгийн номоо ийнхүү олонд хүрсэн шүлгийнхээ нэрээр нэрлэжээ.
“Учрах тавилан” бэсрэг роман
Нийт найман бүлгээс бүрдсэн энэхүү романд өнөө цагийн хүмүүсийн амьдрал, тэдний хувь заяа, үр хүүхдүүдийнх нь ирээдүйн хүсэл мөрөөдөл харилцан холбоо, тэдний хайр сэтгэлийн тухай сонирхолтойгоор өгүүлдэг.
Эхнэр хүүхдээсээ тусдаа алс холын Америкт амьдралын эрхээр ажил хийж яваа Тэмүүлэнгийн хайр сэтгэл, зөв ухаанаар хувь заяаныхаа эзэн болж Учрал хүүг өргөж аван сайн сайхан ирээдүйд хүргэж байгаа үйл явдлууд уг зохиолд гардаг. Мөн Учрал хорь гаран жилийн дараа төрсөн эцэг эх, ах эгч нартайгаа хэрхэн уулзан учирч байгааг өвөрмөц шийдэлтэйгээр дүрслэн харуулдаг.
Зохиолч “Хүний амьдралд сайн муу, хүнд хэцүү зүйлүүд элбэг тохиолдог, тэр бүрийг хүн өөрийн зөв ухаанаар шийдэж, үр хүүхэд нь эцэг эхийнхээ алдаа дутагдлыг давталгүйгээр гэрэл гэгээтэй шинэ замаар амьдрах учиртай”-г гурван гэр бүлийн эсрэг, тэсрэг дүрүүдээр гарган харуулахыг хичээснээрээ онцлог юм.
Мөн Монголын өнөөгийн нийгмийн хөгжил цэцэглэлт зөв гольдиролдоо орж үндэсний үйлдвэрлэл түлхүү хөгжин, залуус гадны улс оронд олон зуугаараа ажиллах биш эх орондоо ихийг хийж бүтээгээсэй. Үр хүүхэд гэр бүл битгий салж сарниж, өнчрөөсэй гэсэн гол санааг зохиолдоо түлхүү гаргаж өгөхийг хичээжээ.
Ингээд уншигч та бүхнийг Зохиолч Хишигнямын Дуламсүрэнгийн “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна” шүлгийн түүвэр, “Учрах тавилан” бэсрэг романы нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Номын нээлт энэ сарын 11-ний өдрийн 13 цагт Интерном - Төв салбарт болох юм.