Москва хотын төв хэсэгт дэлбэрэлт болсон тухай манай мэдээллийн албаны эх сурвалж болох Ассошиетэд Пресс агентлаг дамжууллаа. Даваа гаригийн орой Москва хотын цагдаагийн Ерөнхий газар дэлбэрэлтийн талаар мэдээлсэн бөгөөд автобусны буудлын орчимд жижиг оврын бөмбөг дэлбэрч үүнээс үүдэн 3 хүн хүнд хөнгөн бэртэл аваад байна.
Покровка гудамжинд энэ хэрэг явдал гарсан бөгөөд энэхүү гудамж нь Улаан талбайгаас ердөө 1,6 километрийн зайтай оршдог юм. "Интерфакс" агентлагийн дамжуулж байгаагаар жижиг оврын тэсрэх бөмбөгийг автомашины цонхоор эсвэл ойр хавийнх нь барилгаас шидсэн байж болзошгүй юм байна. Одоогоор Москва хотын цагдаагийн байгууллага хэргийн талаархи нарийн мэдээллийг өгөхгүй байгаа юм. Ямартай ч энэ дэлбэрэлтийг хэн ямар зорилгоор зохион байгуулсан болохыг тогтоохоор ажиллаж байгаагаа цагдаагийн байгууллага мэдэгдээд байна.
Бөмбөг дэлбэрэх үед гэмтсэн иргэд гурвуулаа эмэгтэй байсан бөгөөд тэдний хоёр нь хөлөндөө бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс өмнө Оросын гэмт бүлэглэл зохион байгуулалттайгаар халдлага үйлдэхдээ жижиг оврын гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмж ашиглаж байсан удаатай юм. Гэхдээ одоогоор энэ хэргийн хариуцлагыг аль нэг экстремист бүлэглэл хүлээгээгүй байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/