“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association) санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулах Монгол туургатны боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт 6 жинд явагдах бөгөөд жин тус бүрт Монгол Улсаас 4 бусад улсаас 1 тамирчин оролцоно.
Тэмцээнийг зохион байгуулах коммисийн даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийх болсон талаараа зохион байгуулагчид онцоллоо.