АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2 дахь 4 жилдээ ажиллаж байгаа Ерөнхийлөгч Барак Обама албан тушаалаа гүйцэтгэж эхэлснээсээ хойш 2010 ердөө ганцхан удаа Цагаан ордон дахь ажлын байрнаасаа телевизийн эфирээр дамжуулан мэдэгдэл хийж байсан юм. Тухайн үед АНУ Ирак дахь цэргийн ажиллагаагаа зогсоосон талаар ард иргэддээ мэдэгдэж байсан билээ.
Харин энэ удаа Обама 2 дахь удаагаа телевизийн дэлгэцээр дамжуулан улс орон даяар, дэлхий нийт даяар мэдэгдэл хийлээ. Обама энэ удаагийн мэдэгдэлдээ терроризм, хэт даврагчид улам бүр хөгжин цэцэглэж, терроризмын аюул дахин заналхийлж байгааг сэрэмжлүүлсэн юм.
Түүний хэлснээр өнгөрсөн 7 хоногт болсон Сан Бернардиногийн халдлага бол террорист ажиллагаа юм. Мөн 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойш энэ жил гарсан гэмт халдлагууд маш том гарз хохирол учруулсныг сануулж байна. Мөн экстремизм буюу хэт даврах үзэл ямар ч эмчилгээгүй өвчин тахал, хавдар мэт байж магадгүй хэмээн сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ.
Исламын улс зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг ойрын үед Ерөнхийлөгч Обама олон нийтэд хандсан мэдэгдэл, хэвлэлийн хурал бүр дээр онцолж байсан. Гэхдээ энэ удаад телевизийн хамгийн их үзэгчтэй оргил цагийг ашиглан энэ талаар сэрэмжлүүлсэн юм. Барак Обама "Өнгөрсөн 7 жилийн хугацаанд би өдөр бүр, өглөө бүр тагнуулын албаны мэдээ хүлээж авч, АНУ-ын аюулгүйн хүчнийг хилийн чанад дахь террористуудын эсрэг ажиллахыг даалгаж байсан. Яагаад гэвэл би жинхэнэ аюул юу вэ гэдгийг мэдэж байсан юм. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд АНУ-ын ард түмний аюулгүй байдлыг хамгаалахаас илүү чухал үүрэг хариуцлага гэж үгүй. Эрх чөлөө гэдэг айдас түгшүүрээс ч хүчтэй зүйл юм" гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/