Европын холбоог чиглэсэн цагаач дүрвэгсдийн урсгал үргэлжилсээр байна. Гэвч Евро бүсийн улс орнууд төдийгүй Балканы улсууд ч цагаачдыг хүлээн авах бодлогоо чангалж, хяналт шалгалтыг нэмэгдүүлсэн нь цагаачдад маш том дарамт болоод байна.
Балканы улсууд зөвхөн Афганистан, Ирак, Сири гэсэн 3 улсаас л ирж буй иргэдийг хүлээн авахаа мэдэгдээд байгаа. Нэгэн үе ямар ч цагаач хүлээн авахгүй байсан бол эдгээр улсуудад нүүрлээд буй дайн дажиныг харгалзан үзээд Афганистан, Ирак, Сирийн иргэдийг хилээрээ нэвтрүүлэх шийд гаргасан юм. Гэхдээ дүрвэгсэд Балканы улсуудаар дамжин өнгөрөхөөс биш энд суурьшихгүй юм. Ихэнхи цагаачид Балканы улсуудаар дамжин цааш Европын холбооны хөгжил өндөртэй орнуудыг зорьдог.
Хэдэн долоо хоногийн өмнөөс Македон, Словени зэрэг улсууд Африкийн болоод Ойрхи дорнодын ихэнхи улсуудаас ирж буй цагаачдыг нэвтрүүлэхээс татгалзах болсон нь багагүй асуудал үүсгэж байна. Афганистанаас дүрвэсэн хосууд болох Насим болон Абос нар гэр бүлээрээ Македоны хил гарах боломжгүй болоод байна. Учир нь 26 настай Насим Ираны иргэншилтэй бөгөөд тэрээр нөхрийн хамт Афганистанаас дүрвэсэн юм. Гэвч шинэ батлагдсан дүрмийн дагуу Афганистаны иргэншилтэй нөхөр нь хил давж болох ч Насим хилийн цаана үлдэхэд хүрээд байна. Гэвч хосууд хамтдаа дайн дажинаас дүрвэн яваа учир тэдэнд очих газар үгүй болж Грек болон Македоны хил дээр гацаад байна. Энэ мэт маш олон асуудал цагаачдын өмнө тулгамдаж байгаа.
Гэвч Балканы улсуудын зүгээс ч асар олон тооны цагаачид хилээр нь нэвтэрч байгааг мэдэгдэж хэдэн мянган дүрвэгсдийг эх нутагтаа хүлээн авч, тэднийг дамжин өнгөрүүлэх чадамж бололцоо байхгүй гэдгээ хэлсээр байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/