16 дугаар зууны үед амьдарч байсан эртний Америк индиан үндэстнүүд болох ацтекичүүдийн соёл иргэншлийг өдгөө ч судалсаар байгаа юм. Мексик улсын археологичид эртний Ацтекийн үеийн бунхнаас хонгилтой төстэй нууц гарц олж илрүүлээд байна.1325-1521 оны хооронд ацтекиуд удирдагчдынхаа шарилыг чандарладаг байсан гэж үздэг ч чандарлаж үлдсэн хэсгийг хэрхэн хаана хадгалж үлдээдэг байсан нь нууц хэвээр байгаа юм. Тэгвэл археологичдын олсон хонгилтой төстэй нууц гарц магадгүй удирдагчдын чандрыг хадгалдаг газар байж болох юм байна.
Мексикийн Антропологи, Түүх судлалын хүрээлэнгийн мэдээлснээр археологич Леонардо Лопез бунхны гол төвд байрлах 45 см өргөн, 1,5 метр өндөр, 8,4 метр урт гарцыг олж нээсэн байна. Хонгилын амыг 3 тн хавтгай чулуугаар дарж битүүмжилсэн байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө чулууг холдуулахад үл мэдэгдэх хөндий газар байгааг анх илрүүлж байжээ.Археологич Леонардо Лопез "Бид 2 нэвтрэх гарц олсны нэг нь баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа байсан ч ханаар тусгаарлагдсан байсан юм. Тэгээд магадгүй хананы цаана бидний мэдэхгүй танхимууд байж болох юм гэж таамагласан. Бидний таамаг биеллээ олж маш том нээлт хийсэн. Учир нь гэвэл өдийг хүртэл Ацтекийн үеийн хаадын бунханг бид олж байгаагүй юм" гэлээ.
Ирэх онд бунхныг дахин малтаж эхлэх юм байна. Археологичдын ажиллаж байгаа энэ газар бол Ацтекийн үеийн гол төв хот дахь сүмийн цогцолбор байх магадлалтай юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/