Онлайн ертөнц хөгжихийн хэрээр иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж буй өнөө үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдолууд нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал, Индонезийн цахим гэмт хэрэгтнүүд хуурамч онлайн дэлгүүр нээж, амласан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нь шилжүүлэн аваад холбоо харилцаагүй болдог тул Та бүхнийг аливаа худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоо хийх, мөнгөө шилжүүлэхдээ тухайн компанийн гэрчилгээ, лиценз, холбогдох баримт бичгийг сайтар нягтлан шалгаж шаардлагатай бол холбогдох байгууллагаас сайтар асууж тодруулж байна уу.
Мөн гуравдагч орнуудаас болон олон улсын байгууллагуудаас манай иргэдэд хаягласан гэх илгээмж Индонезид ирж саатсан тул гаалийн торгууль, илгээмжийн терроризмын аюулгүйг тогтоох дүн шилжилгээний төлбөр нэхэмжлэх, тухайн иргэдийн танил хүмүүсийн нэрийн өмнөөс холбоо барих, хүнд байдалд орсон тул санхүүгийн тусламж ирүүлэхийг хүсэх зэргээр хувь хүний нэр дээр Western Union, Money Gram үйлчилгээгээр дамжуулан яаралтай мөнгө шилжүүлэхийг шаардах тохиолдолууд гарч байна.
Түүнчлэн иргэд гадаадын үл таних хүмүүстэй чат, и-мэйлээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг тус ЭСЯ-наас зөвлөж байна.
Иймд аливаа дарамт шахалт, сүрдүүлэгээр төлбөрийн баримт, баталгаагүй амлалтанд хууртан өөрийн мөнгийг гадаадын хүнд шилжүүлж, цахим гэмт хэргийн хохирогч болж эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амсахаас сэргийлж, онлайн дэлгүүр, зар сурталчилгаа болон бусад хуурамч цахим хаягны цаана байгаа аливаа этгээдтэй харилцахдаа хянуур, болгоомжтой байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.
ИНДОНЕЗ УЛС ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сэтгэгдэл (1)