Христийн шашинтнуудын хамгийн том баяр болох Зул сарын баяр тун удахгүй болох гэж байна. Зул сарын баярыг угтаж шашны сургуулиуд баярыг сурталчлах, уур амьсгал оруулах ажилдаа шамджээ. Харин Италийн нэгэн сургуулийн захирал энэ үйл ажиллагааг болиулснаар ажлаасаа халагдахад хүрсэн байна.Италийн Роззано дахь ахлах дунд сургуулийн захирал Марко Парма зул сарын баярын өмнөх шашны холбогдолтой дуунуудыг сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаанаас хасахаар болсон байна. Энэ нь зул сарын баярыг үгүйсгэснээс ялгаагүй хэмээн буруутгаж албан тушаалаас нь халах тушаал иржээ.
Захирлын үзэж байгаагаар хэт их шашны үзэлд автах нь Христийн шашин шүтдэггүй бусад сурагчдыг гадуурхагдах явдалд хүргэж болзошгүй юм. Тиймээс Христийн шашингүй хүүхдүүдийг гадуурхахаас сэргийлж шашны холбогдолтой дуунуудыг хориглосон гэж тайлбарлажээ. Италийн барууны чиг шугамыг баримтлагч эрх баригчид Роззаногийн сургуульд зочилж, Зул сарын баярыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/