Сүүлийн үеийн судалгаанаас харахад Азийн залуучууд, тэр дундаа Хятадын залуучууд ДОХ-оор халдварлах нь эрс нэмэгдэж байгаад дэлхийн эмч мэргэжилтнүүд анхаарлаа хандуулж байна.
НҮБ-ын танилцуулснаар 2005 оноос хойш өнөөг хүртэл 10 жилийн хугацаанд ДОХ-ын вирусээр халдварлаж амь насаа алдаж байгаа өсвөр насны хүүхдүүдийн тоо Ази-Номхон далайн бүсэд 2 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Азийн залуучууд ДОХ-оор халдварлаж амиа алдах нь эрс өссөн гэсэн үг юм. Тиймээс залуу үеийнхнээ ХДХВ-ээс сэргийлж, сэрэмжлүүлэн өвчний халдварыг эрт үеэс нь илрүүлэх хэрэгтэй гэдгийг НҮБ уриалж байна. Өсвөр насныхны дунд вирусын халдвар авснаа мэдэхгүй олон сая хүүхэд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Өнгөрсөн жилийн судалгаагаар Азид илэрсэн ДОХ-ын 7 шинэ тохиолдол тутмын нэг нь 10-19 насны өсвөр насны хүүхэд байжээ. 2014 онд Азид халдвар тээгч 15-19 насны 50,000 шинээр бүртгэгдсэн ба Энэтхэг, Индонези, Тайланд, Мьянмар, Вьетнам, Хятад, Камбож, Филиппин, Пакистан улсууд өсвөр насныхан дундах ДОХ-ын вирусын тархалтаараа Азийн бүсэд тэргүүлж байна.
Харин насанд хүрэгчдийн тухайд Ази тивд өвчний тархалт буурсан үзүүлэлттэй байна. 2000-2014 оны хооронд Азийн насанд хүрэгчид Дох-ын халдвар авах нь 31 хувиар буурсан бол 2005-2015 оны хооронд насанд хүрэгчид ДОХ-ын улмаас амиа алдах нь 28 хувиар буурчээ.
2015 оны байдлаар манай улсын иргэд хамгийн зорчдог БНХАУ-д ХДХВ тээсэн 575,000 хүн амьдарч байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ дунд залуучууд өндөр хувь эзэлж байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/