Их Британий хатан хааны удамд бүл нэмэн мэндэлсэн Кэмбрижийн гүн Уильямын охин гүнж Шарлоттын цоо шинэхэн гэрэл зургуудийг олон нийтэд дэлгэн харууллаа. Гүнж эхээс мэндэлснээс хойш 6 сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Энэ оны 5 дугаар сарын 2-ны өдөр Кэмбрижийн гүн Уильям болон гүнгийн авхай Кэйт Мидлтон нарын гэр бүлд бүл нэмсэн бяцхан гүнж Шарлотт тун удахгүй 7 сар хүрэх гэж байна. Кэнсингтон ордноос гүнжийг эрүүл энх өсч торнин 6 сар гаруйн хугацаа өнгөрснийг тохиолдуулан цоо шинэ гэрэл зургуудийг олонд дэлгэжээ.
Эдгээр гэрэл зургуудийг Норфолк дахь гэртээ Кэмбрижийн гүнгийн авхай өөрөө дарсан байна. Гүнгийн авхай амаржаад удаагүй байхдаа 2 ойтой хүү хунтайж Жорж болон хэдхэн 7 хоногтой гүнж Шарлотт нарын гэрэл зургийг дарж олон нийтэд мөн харуулж байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сард гүнжийг адислах ёслолын үеэр Шарлотт олон нийтийн өмнө ил гарсан байна.
Кенсингтон ордны зүгээс Гүн болон Гүнгийн авхай нар гүнж Шарлоттын талаарх халуун дулаан үгтэй зурвасууд хүлээж авсаар байгааг мэдэгдсэн байна. Мөн сүүлд дэлгэсэн гэрэл зургууд хүн бүрт таалагдана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/