Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд даруй 23 жил болжээ. Энэ хугацаанд ДОХ-ын халдвар тээгчид 194 болж, сүүлийн хэдэн жил халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэх боллоо. Өнөөдөр Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр тохиож байна.Тиймээс энэ удаагийн 24 баримтаараа ДОХ-ын үзүүлэлт, тархалтын талаар хүргэж байна.
1. Манай улсад энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас барсан байна. Халдвар илэрсэн хүмүүс нь 45-49, 30-34 настай эрэгтэйчүүд юм.
2. Хамгийн анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм.
3. ДОХ-ын халдварын 115 тохиолдолын 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
4. Тэгвэл ийм өвчин туссан эрчүүдийн 87 хувь нь ижил хүйстнээ сонирхогч байдаг.
5. Харин эмэгтэйчүүдийнх нь 50 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд архичин, гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна.
6. Одоогоор ДОХ гэдэг “тахал” өвчнөөр 12 монгол хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
7. Монголд ойролцоогоор дээрх тохиолдлуудын цаана 820-1200 орчим хүн ХДХВ-ийн халдвар тээж байгаа гэх судалгаа бий. Харин ДЭМБ-ын аргачлалаар илрээгүй 7000 гаруй ДОХ-ын халдварт тээгч бий гэж үзжээ.
8. Харин эмнэлгийн хяналтад байгаа ч ДОХ-ын шинж тэмдэг нь илрээгүй халдвартай 35 хүн байна.
9. Өвчин нь үе шатандаа орсон 65 хүн, ретро вирусын эмчилгээнд хамрагдаж буй 51 хүн байгаа гэж ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооноос мэдээлжээ.
10. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ.
11. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
12. Халдвар авсан хүмүүсээс 7 эмэгтэй нь 8 удаа төрсөн бөгөөд тэд эрүүл саруул үр хүүхэдтэй болжээ. Эмэгтэйчүүдийг тусгай хяналтад оруулан эмчилгээ хийдэг.
13. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг Глобал сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг.
14. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казахстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ.
15. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг.
16. Энэ өвчнөөр өвчилсөн монголчуудын 81 хувь нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73.4 хувь нь ажилгүй.
17. Мөн 84 хувь нь гэр бүлгүй, гуравны нэг нь гадаадад явж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ.
18. Монголчуудын хамгийн их зорчдог ОХУ, Хятад, Тайланд, Тайвань зэрэг улсад халдвар эрчимтэй тархаж байна. Манай улстай хил залгаа Эрхүү мужид л гэхэд энэ оны хагас жилийн байдлаар 3000 тохиолдол шинээр бүртгэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл манай улсын баруун хязгаартай хиллэдэг Шинжаан Уйгарын өөртөө засах оронд халдварын тархалт хамгийн өндөр аж.
19. Өнгөрсөн долдугаар сард Хятад улсад хар тамхи тээвэрлэсэн хэргээр хоригдож байгаа О гэх эмэгтэй ДОХ-ын халдвартай гэх мэдээлэл гарч байв.
20. Мөн 2001 онд Шведэд “хараар” амьдардаг монгол эмэгтэйг найман хүнд халдвар тараасан хэмээн буруутгаж шоронд хорьж буй мэдээлэл цацагдаж байсан. Түүнийг хар тамхии хэрэглэдэг швед нөхрөөсөө халдвар авсан гэжээ.
21. 2005 оноос хойш сайн дурын зөвлөгөө шинжилгээний гурван мастер сургагч багш, 140 орчим зөвлөгч бэлтгэжээ.
22. Одоогоор сайн дурын зөвлөгөө, шинжилгээний 30 гаруй төв БЗХӨ, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна.
23. НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.
24. Монголчуудын ойлголт, мэдээлэл дутуугаас болж ДОХ-ын халдвартай хүнийг ялгаварлан гадуурхах нь их байдаг. Халдвар авсан хүмүүсийн зарим нь гэрээсээ хөөгдөж, ихэнхи нь гэр бүлээсээ салжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)