Ой тогтоолтын Дэлхийн дээд амжилт тогтоох, Гиннессийн номонд орох шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркийн Истанбул хотод явагдав.
Уг шалгаруулалтад Монголын Оюун Ухааны академийн тамирчин Т.Мягмарсүрэн оролцож, Азийн дээд амжилтыг тогтоожээ.
Т.Мягмарсүрэн "Хүн Хуанли" төрөлд оролцож, 60 секундын хугацаанд 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр нь долоо хоногийн ямар гараг болохыг алдаагүй тооцоолох даалгаврыг гүйцэтгэжээ.
Тэрбээр 118 өдрийг 60 секундын хугацаанд бодож, дэлхийн дээд амжилтаас илүү тооцоолсон ч 85 дахь бодлого дээрээ 2 дахь алдаагаа гаргажээ. Ингэснээр тэрбээр дэлхийн дээд амжилтын эзэн болж чадсангүй. Харин түүний нэр Азийн рекорд эзэмшигч болон бичигджээ.
Одоогоор "Хүн Хуанли" төрөлд Дэлхийн дээд амжилтыг Куба гаралтай АНУ-ын тамирчин Yusnier Viera эзэмшдэг аж. Тус төрөлд нэг алдаа гаргахыг зөвшөөрдөг ба хоёр алдвал тооцдоггүй дүрэмтэй аж.