Хачин санаа гэнэн хүсэл
Хааяа намайг илүү уяраана
Бороо хүртэл цас ч юм шиг
Намар хүртэл хавар ч юм шиг...
... Нүдэн дээр чинь би энхрийлж үнстэл
Нүцгэн байхыг минь битгий хараарай
Харцан дор чинь биеэрээ уяртал
Хайрт минь намайгаа битгий аргадаарай
Энэхэн хайрандаа догдолж байхдаа би ганцаар...
Энэ мөртийг уншихад танил дуу аманд тань аялагдаж, тухайн үедээ шуугиулж байсан клип нь нүдэнд тань харагдаж байна уу? Тэгэлгүй яахав. Энэ бол дуучин Э.Минжинсорын “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу шүү дээ.
Олон сайхан хит уран бүтээлээр овоглогдох тэрээр тухайн цаг үедээ өөрийн гэсэн өнгө төрх, шинэлэг хэв маяг, дуулалт, авьяас чадвараараа эрхгүй ялгарч байсансан. Олон жилийн дараа эх орондоо ирэхэд нь урин, уншигч тантай түүнийг уулзуулж байгаадаа баяртай байна. Илүү үггүй ярилцлагад нь урья.
TV ZONE: ЭХ ОРОНДОО ИРЭЭД АНХ УДАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА ӨГӨХӨӨР УРИЛГЫГ МААНЬ ХҮЛЭЭН АВСАНД БАЯРЛАЛАА.
Э.МИНЖИНСОР: Баярлалаа.
TV ZONE: ЭХ ОРОНДОО ИРЭЭД ЖИЛ ГАРУЙ БОЛЧИХОВ УУ?
Э.МИНЖИНСОР: Тийм шүү. Яг л жил болж байна.
TV ZONE: УДААН ХУГАЦААНЫ ДАРАА ТӨРСӨН НУТАГТАА ИРЭХ ЯМАР БАЙНА? ИХ ӨӨРЧЛӨГДӨЖ ҮҮ?
Э.МИНЖИНСОР: Би Америкт 8 жил болжээ. Эх орон, нийслэл хот маань их өөрчлөгдсөн байна билээ. Хэдий Америкт энэ олон жилийг өнгөрүүлсэн ч гэлээ эх орондоо төрж өссөн болохоор нэг их ялгаа мэдрэхгүй болов уу гэж бодож байлаа. Гэтэл эргээд харахад эх орондоо ирээд олон өөрчлөлтийг өөртөө дасан зохицуулж, шинээр таньж мэдэх хэрэг ч гарч байсан.
TV ZONE: ӨНГӨРСӨН 8 ЖИЛИЙН ХУГАЦААНД МИНЖЭЭ ЧУХАМ ЮУ ХИЙВ?
Э.МИНЖИНСОР: Охид маань одоо 7 настай гэхээр өнгөрсөн хугацаанд би ээжийн үүргийг илүүтэй гүйцэтгэсэн байх нь. Мөн Америкт хамтлагуудын арын албыг хариуцдаг “ABBOTT” компанид туслахын ажилд томилогдож, түүнээс олон зүйлийг сурч мэдэж авлаа. Энэ нь Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байгаа бүхий л тоглолт, арга хэмжээний хөгжим дуугаралт, өнгө гэрлийг хариуцдаг компани юм.
TV ZONE: ЭЭЖ ХЭМЭЭХ ЭРХЭМ НЭРИЙН ЭЗЭН БОЛСОН. ТЭР ДУНДАА ИХЭР ОХИДЫН ИЖИЙ?
Э.МИНЖИНСОР: Тэднийг маань Викториа, Жессика гэдэг. Аавынх нь өгсөн нэрс. Харин монгол хэлнээ хөрвүүлбэл, Викториа нь Ялалт, Жессика нь Бурхан хардаг гэсэн утгатай. Тэд маань эх хэлээрээ ойлгодог ч сайн ярьж чаддаггүй учир төрөлх хэлийг нь сургах зорилгоор монгол сургуульд сургаж байна. Үнэхээр энгэртээ гялалзуулах үнэт хоёр зүүлттэй болсондоо бурхан тэнгэртээ баярлаж явдаг.
TV ZONE: АМЕРИКТ БАЙХДАА ТА МОНГОЛЫНХОО ТУХАЙ ОХИДДОО ХЭР ЯРЬЖ ӨГДӨГ БАЙВ? ОХИД НЬ МОНГОЛД ИРЭЭД ЯМАР СЭТГЭГДЭЛТЭЙ БАЙНА?
Э.МИНЖИНСОР: Олон зүйлийг ярьж, таниулж мэдүүлж байсан болохоор Монголын тухай тэд маань сайн мэднэ. Ер нь Монголдоо ирж амьдарна гэдгээ байнга хэлдэг байсан. 7 нас хүртэл нь хийх ёстой вакцин эмчилгээг нь хийлгэж дуусаад ирсэн дээ. “Монголд ирсэндээ маш их баяртай байна. Ирсэн өдрөө хэзээ ч мартахгүй ээ” гэдэг юм.
TV ZONE: ЦУСАНД НЬ МОНГОЛ ОРШИЖ Л БАЙНА ДАА?
Э.МИНЖИНСОР: Харин тийм. Хоёулаа хөх толботой төрсөн, яахын аргагүй монгол геньтэй. Тийм болоод ч тэр үү дасан зохицно гэж нэг их зүдрээгүй. Харин ч Америкт байсан шигээ л байгаа даа.
TV ZONE: ОХИД НЬ АВЬЯАСЫГ ТАНЬ ӨВЛӨЖ ҮҮ?
Э.МИНЖИНСОР: Викториа маань урлагийн авьяастай, мэдрэмжтэй шүү. Харин Жессика сууж, бодох, компьютер, техникийн чиглэлд илүү дурладаг. Гэхдээ урлагийн мэдрэмж сайтай.
TV ZONE: ТАНЫ ТУХАЙ ОХИДТОЙГОО Л ИРСЭН, НӨХРӨӨСӨӨ САЛЖЭЭ, ЭСВЭЛ ГЭР БҮЛЭЭ ЦУЦЛУУЛААГҮЙ ЗЭРЭГ ЯНЗ БҮРИЙН МЕССЕЖ БАЙНА. ТА ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ, ЭЛДЭВ ШУУГИАНЫГ ЦЭГЛЭЭЧ?
Э.МИНЖИНСОР: Тийм ээ, би охидтойгоо л ирсэн. Нэг нь гадаадад, нөгөө нь эх орондоо амьдрах хүсэл тэмүүлэлтэй учир зөрчилдөж, гэр бүлийн хүнээсээ салсан. Түүнээс гадна аав минь өндөр настай хүн бий. Бие нь жаахан тавгүйрхээд байсан учир аавтайгаа уулзах гэж яаран яаран ирсэн дээ.
TV ZONE: ХҮНИЙ НУТАГТ ХҮНДХЭН БАЙСАН ҮЕ БИЙ Л БАЙХ?
Э.МИНЖИНСОР: Тэгэлгүй яах вэ. Өндөр хөгжилтэй, соёлтой улс оронд амьдрах сайхан байсан ч эх орноо, гэр бүлээ, элгэн саднаа их үгүйлж, санагалздаг юм билээ. Ямар сайхан эх оронтой, элэгсэг ард түмэнтэй гэдгээ хол байхаараа илүү мэдэрдэг юм байна. Ёстой л яс махандаа шингэтэл ойлгосон доо. Төрсөн нутагтаа ирээд сайхан байна.
TV ZONE: ДУУЧИН МИНЖИНСОРЫГ ОЛОНД ТАНИУЛСАН, УРЛАГТ ДУРЛУУЛСАН “СПАЙК” ХАМТЛАГИЙГ ЭРГЭН НЭГ ДУРСВАЛ?
Э.МИНЖИНСОР: 18-тай байхад Маралаа, Туяа хоёр маань надад санал тавьснаар “Спайк” хамтлагт орж байлаа. Дараа нь Номико маань орж, Монголын анхны охидын хамтлаг уран бүтээлээ хийж эхэлсэн. Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан байхдаа давхар уран бүтээлээ хийж байсан юм. Энэ үедээ нэлээн турж байсан шүү. /инээв/
TV ZONE: 10 ГАРУЙ ЖИЛ ХӨНДИЙ БАЙСАН УРЛАГТАА ЭРГЭН ХӨЛ ТАВЬЖ БАЙГАА САЙХАН МЭДЭЭГ ДУУЛСАН?
Э.МИНЖИНСОР: Олон жилийг урлагт зориулсан болохоор энэ салбараас холдож, орхиж хэзээ ч зүрхлэхгүй. Салж ч чаддаггүй юм байна. Америкт байх хугацаанд ч намайг гэсэн сонсогч, фэнүүд минь холдож, тасраагүй. Эх орондоо ирэхэд л эргэж дуулах уу? Тоглолтоо хийх үү? гэсэн асуулт, хүсэлтүүд ирж байлаа. Тиймээс тэднийгээ хүндэтгэж, 11 дүгээр сарын 28-нд мини тоглолтоо хийх юм. Тоглолтондоо 13 дуу дуулах бөгөөд үүний 6 нь гадаад дууны ковер байх болно. Мөн энэ үеэр Номикотойгоо хамтран “Ганцхан” дуугаа дуулах бол Туяа бид гурав “Спайк” хамтлагтаа дуулж байсан “Мөрөөдөл” дуугаа олон жилийн дараа дахин дуулах болно.
TV ZONE: 10-ААД ЖИЛИЙН ӨМНӨӨС УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙСАН ХАМТЛАГУУД ЭРГЭН НЭГДЭЖ, ОЙН ТОГЛОЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛСОН. “СПАЙК” ОНЦГОЙ ОЙН ЖИЛДЭЭ ЗОРИУЛАН ЭРГЭН НЭГДЭХ БОЛОВ УУ?
Э.МИНЖИНСОР: Нэгдэлгүй яах вэ. Эргэж нэгдээд хамтдаа тайзнаа зогсож байвал сайхан байна. Манай Маралаа Чикагод амьдардаг. Тэр маань ирчихвэл бид бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, дахин тоглох боломжтой. 18 жил болсон байна шүү дээ. Бидний олон сайхан хит уран бүтээлүүд бий.
TV ZONE: ТОГООНД НЬ БАЙСАН ХҮН ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮЗЭГЧ, СОНСОГЧИЙН БАЙР СУУРИНААС РОК ПОПЫН ЕРТӨНЦИЙГ ХАРЖ, АЖИЖ СУУСАН БИЗ ЭЭ. ЯМАР ӨӨРЧЛӨЛТИЙГ МЭДРЭВ?
Э.МИНЖИНСОР: Бахархмаар авьяаслаг, чадварлаг шинэ залуу дуучид ихээр гарч ирсэн байна. Илүү шинэ содон зүйлийг гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд поп чиглэлийн дуучин. Энэ урсгал чиглэл Америк, тэр дунд Billboard-д тэргүүлэх дуу хөгжим ямар түвшинд хийгддэг зэргийг сонирхон, судалсан. Тиймээс цаашид хийх уран бүтээлүүд минь өнгөлөг, шинэлэг байх болно гэдгийг амлах байна. Ер нь хүний нутгийг зорихдоо өөрийгөө хөгжүүлэх зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа.
TV ZONE: УНШИГЧ ОЛНЫГ САЙХАН ГЭГЭЭН ЗҮЙЛД УРИАЛНА УУ?
Э.МИНЖИНСОР: Бид эвтэй байхдаа үнэхээр хүчирхэг. Гэтэл эв түнжинтэй байж тэр бүр чаддаггүй. Тиймээс цөөхөн хэдэн монгол нэг нэгнээ шүүмжлэхээ урьтал болголгүй, харин ч ойлгож, хүндэлж, тусалж, дэмжиж байгаасай гэж хүсдэг. Бидний ярьдагаар “хар”-ууд олон жилийн боолчлолоос гарахын тулд хамтдаа нэгдэж, эвсэж чадсан учир өнөөдөр ямар түвшинд ажиллаж амьдарч, хүлээн зөвшөөрөгдөж байгаа билээ. Нэгдэл гэдгийг харуулж чадсан тэднээс л жишээ авч болно. Тиймээс бид энэ цаг үед төдийгүй ирээдүй хойчид эвтэй, найртай байх нь чухал юм.
TV ZONE: МАШ ИХ БАЯРЛАЛАА. УРАН БҮТЭЭЛД НЬ ИХ АМЖИЛТ, ГЭР БҮЛД НЬ ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
Э.МИНЖИНСОР: Баярлалаа. TV ZONE сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье. Уншигч, сонсогчдоо “Минжээгийн үдэш”-д урьж байна. Миний, таны дуртай дуунууд дуулагдах гайхалтай нэгэн үдэш байх болно гэдгийг амалъя.
Ярилцсан: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ
Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ
Сэтгэгдэл (2)