Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Турк улс ОХУ-ын онгоцыг сөнөөсөн нь хоёр улсын хооронд багагүй үл ойлголцол, маргаан үүсгээд байгаа юм. Тэгвэл Турк улсад сөнөсөн ОХУ-ын онгоцны нисгэгчийн цогцсыг эх нутагт нь буцаахаар болсон байна.Газар дундын тэнгисийн эргийн Хатай мужаас Туркийн ачаа тээврийн нисэх онгоцонд Оросын нисгэгчийн цогцсыг ачсан байна. Энэ үеэр Үнэн алдартны санваартнууд шашны ёслол үйлджээ.
Турк улсын Ерөнхий сайд Ахмет Давутоглу Брюссель руу явахаасаа өмнө энэ талаар мэдэгдэл хийсэн байна. Орон нутгийн цагаар ням гаригийн 01 цаг 45 минутанд ОХУ-ын нисэх хүчний дэд хурандаа Олег Пешковын шарилыг Анкара хотод авчиржээ.
Сири дэх Туркмэнууд нисгэгч Олег Пешковын онгоц руу шууд гал нээж, нисгэгч туслах нисгэгчийн хамт шүхрээр буусан боловч амь насаа аварч чадаагүй байна. Туркийн Засгийн газар агаарын орон зайг зөрчсөн гэж мэдэгдэж байгаа боловч Оросын Засгийн газар эрс үгүйсгэж, Туркийн эсрэг эдийн засгийн хориг тавьснаар байдал улам бүр хурцдаад байгаа юм. Турк болон Орос улсууд эдийн засгийн салбарт маш чухал түншүүд бөгөөд ОХУ Туркийн 2 дахь том худалдааны түнш юм.
Олегийн туслах нисгэгч ахмад Константин Мурахтин онгоц сүйрснийдараа амьд гарч, тусгай хүчний ажиллагааны тусламжтайгаар босогчдын гараас мултарсан юм. Тэрээр хамтрагчаа алдсандаа харамсаж, Сирид албан үүргээ гүйцэтгэсэн хэвээр байх хүсэлт тавьсан байна. Хамтрагчийнх нь амь насын төлөөсийг хэн нэгэн заавал төлөх ёстой гэж мэдэгджээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/
Сэтгэгдэл (3)