“Нүүрс” хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн, хэрхэн үр дүнтэй ажил байсан, энэ хэргийг шүүсэн шүүх, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Л.Гансүх нарын хэрэг гэдэг зохиомол хэрэг бий болсон юм. Энэ нь улс төрийн шинжтэй үйл ажиллагаа байсан гэдгийг тав хоног үргэлжилсэн шүүх хурлыг үзсэн ард түмэн ойлгосон.
2. Шүүхийн шинэчлэлийн зорилго нь гоё өрөө тасалгаа, өндөр цалин хангамжиндаа бус аливаа хүнийг, гэм буруугүй хүнийг нотлох баримтгүйгээр шийтгэж, хохироож, хэлмэгдүүлэхгүй байхад л чиглэсэн ажиллагаа шүү дээ.
3. Үүний тулд шүүхийн байгууллага улс төр, хэн нэгэн өндөр албан тушаалтан, гуравдагч этгээдээс хараат бус байж, яг үнэний талд баттай зогсож чаддаг ийм нөхцлийг л бүрдүүлдэг байх учиртай.
4. Манай хуулийн байгууллагууд улс төрчдийн хар хөл болсон байдлаар ажиллаж байгааг би Л.Гансүх нарын хэрэгтэй холбоотойгоор олж харсан.
5. Засгийн газрын огцруулахын өмнөх орой прокурорын байгууллага нь мөрдөн байцаагчтайгаа цуг суучихаад Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд хэвлэлийн бага хурал хийгээд сууж байна. Үүнээс эхлээд л хэргийн процесс хэрхэн өрнөж байна ер нь Л.Гансүх гэдэг хүнийг шийтгэхийн тулд ямар ажиллагаа зохиогдсон байж уу гэдгийг шүүх хурлын явц харуулсан гэж ойлгож байгаа.
6. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл шүүх хурлыг үзээд "Би Л.Гансүхийг буруугүй юм байна гэж ойлгосон, харин шүүх шийдвэрээ гаргасны дараа буруутай гэж ойлголоо" гэж хэлсэн. Ийм л сонин байдал бий боллоо шүү дээ.
7. Шүүх хурал болоод энэ хүмүүс гэм буруугүй, улсыг хохироогоогүй юм байна гэдгийг тогтоохоор шүүгч шийдвэрээ уншихдаа айхтар ноцтой үгний зөрчил гаргасан. Бичгэн нотлох баримт болон гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтээр нотлогдож байна гэж уншсан. Гүйцэтгэх ажлын баримт сэлт гэдэг нь шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч байхгүй.
8. Шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт байхгүй зүйл дээр шүүх шийдвэрээ уншиж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бүгдийг бид 1937 оны хар хэлмэгдүүлэлтийн арга барилаар асуудалд хандаж байна гэж үзэж байгаа.
9. Үнэхээр хүнийг буруутгах гэж байгаа бол таныг ийм нотлох баримтаар буруутгаж байна та үүнийг үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд болон мөрдөн байцаагчид гаргаж өгөх ёстой гээд хэлэх хэрэгтэй, ингэх ч эрхтэй.
10. Нотлох баримгүйгээр хүнийг шийтгэж, ял халдаана гэдэг нь хууль зүйн бодит үндэслэлгүй хүний хэлмэгдүүлж байгаа л хэрэг юм.
11. Бид өнөөдөр шүүхийн шинэчлэл гэх том зүйлийг ярих бус хэн гэдэг шүүгч ийм хариуцлагагүй үйлдэл хийгээд бусад шүүгч нарынхаа ажил, нэр хүндийг үнэгүйдүүлээд байгаа юм бэ гэдгийг олж харах хэрэгтэй юм.
12. Прокурорын яллах дүгнэлтийг хуулаад ял оноочихож байгаа шүүгч нь шүүгчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг.
13. Шүүхийг ерөнхий зөвлөл, Хүний эрхийг комисс ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа байх гэж бодож байна.
14. Шүүх хурал дээр яригдаагүй, хавтаст хэрэгт ч авагдаагүй зүйлээр хүнийг яллаж байгаа хэрэг нь хүнийг төрийн өмнө хүчгүйдүүлж байгаа процесс болсон.
15. Энэ нь угаасаа санаатай хийгдэж байгаа ажиллагаа. Л.Гансүхийг шүүсэн гурван шүүгч залуугийн санаатай хийсэн ажиллагаа гэж үзэж байгаа.
16. Хүн төрлөхтөний мөрөөдөл нь шударга шүүх. Аливаа асуудлыг шударгаар шүүгээд өг, аливаа нэг өндөр албан тушаалтан тэрний нөлөөнд авталгүй, шударгаар, бусдын захилганд авталгүй шүүгээд өг гэдэг л асуудал байгаа юм.
17. Л.Гансүхийн хэргийг харж байхад АТГ-ын н.Нарантуяа гэдэг хүний бичсэн дүгнэлт Үндэсний Аудитын газрын аудитор н.Ичинхорлоо гэдэг хүний гараар дамжаад шинжээч нар гарын үсэг зураад шинжээчийн дүгнэлт болоод гараад ирсэн нь шүүх хурал дээр тогтоогдсон. Тэгэхээр АТГ яагаад тэрхүү дүгнэлтийг бичээд гаргаад ирэв гэдэг нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Тэр дүгнэлтэнд зөвхөн шинжээч томилох тогтоол л гарах учиртай.
18. Хэрэг шийдэгдсэний дараа нийслэлийн прокурорын хэлтсийн прокурор н.Ариунаа, нийслэлийн прокурорын орлогч зэрэг хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр Л.Гансүх нартай холбоотой гүтгэлгийн чанартай зүйл ярьсан. Энэ нь өөрөө прокурор дээр ямар нэгэн асуудал байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр өмгөөлөгч нь байна уу, хэрэгт холбогдсон хүн байна уу хэн ч байсан мянга хүсэлт гаргаад хүлээж авахгүй байсан байна гэдгийг хэрэг шийдэгдсэний дараа энэ бүх үйлдэл нь харуулж, ойлгомжтой болголоо шүү дээ.
19. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцоод явж байхад хүнийг үндэслэлгүй хоридог, эсвэл том зүйл анги биччихээд түүнийх нь дагуу хориж, олон нийтэд зарлаж, их хэмжээний үнийн дүнг зарладаг буруу жишиг тогтчихлоо.
20. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг АТГ нь нуучихаад гаргаж өгөхгүй, прокурор нь авч ирэхгүй, шүүх нь түүнийг шаардахгүй авч ирүүлэхгүй байсаар хүнийг шийтгэж байгаа нь туйлын харамсалтай хэрэг юм.
21. Шүүхийн шинэчлэл, АТГ гэдэг зүйлийн цаана завхрал гараад байна. Бид үүнийгээ ярилцах цаг болсон. Гэхдээ шүүх гэдэг том утгаар нь бус тодорхой хэн гэдэг албан тушаалтан жишээ нь саяны хэрэг дээр бол н.Идэр, н.Ганбат н.Мөнхбаяр гэдэг нөхдүүд юун дээр алдчихав, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүнд уучлал үзүүлэх эрхтэй юу үгүй гэх мэт тодорхой асуудал дээр ярихгүй бол хэтэрхий ерөнхий байгаад байгаа юм.
22. Шүүхийн шинэчлэлийн асуудал нь хүн шинэ дээл өмсчихөөд би шинэ хүн болчихлоо гэдэгтэй л адил зүйл болоод байна.
23. Шүүгч нарт хариуцлага тооцдог ажиллагаа бараг байхгүй. Шүүгч нартай холбоотой хариуцлагын асуудал яригдахгүй бол болохгүй байна гэдгийг дахин хэлмээр байна.
24. Л.Гансүхийн хэрэг гээд байгаа зүйл дээр гүйцэтгэх ажил явуулах шаардлага ч байхгүй байсан юм. Зүгээр л хүний шийтгэхийн тулд явуулсан хэрэг. Энэ нь хэнд ч ойлгомжтой зүйл. Угаасаа тэнд ямар ч гэмт хэрэг болоогүй гэдгийг тав хоногийн шүүх хурал хангалттай харуулсан шүү дээ.
Сэтгэгдэл (14)