Франц улсын нийслэл Парис хотод террорист халдлагад өртөөд сар хүрэхгүйн хугацаа өнгөрсний дараахан тус хотод дэлхийн 150 орчим орны төр засгийн тэргүүнүүд цуглаж байна. Парис хотод НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг баг хурал өнөөдөр эхлэх гэж байгаа юм.
1992 оноос хойш 21 дэх удаа зохион байгуулагдаж байгаа цаг уурын өөрчлөлтийн эсрэг бага хурал 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Дэлхийн нийтээрээ цаг уурын өөрлөлттэй тэмцэхэд маш чухал алхам болж байгаа энэ удаагийн уулзалтанд 150 орчим орны төр засгийн тэргүүнүүд оролцож байгаагаас гадна 195 орны элч төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдгээр төлөөлөгчид ирэх 2 долоо хоногийн хугацаанд цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх НҮБ-ын шинэ гэрээ хэлэлцээрийн талаар эцэслэн дүгнэх юм.
Гэвч уулзалтын эхэнд чинээлэг орнуудаас гадна ядуу буурай, хүч султай улс орнууд гэрээ хэлэлцээрт чухал байр суурь эзлэхгүй, ард хоцорч магадгүй хэмээн сэрэмжилж байна.
Өнөөдөр нээлтээ хийх НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн эсрэг бага хуралд оролцохоор дэлхийн нөлөө бүхий удирдагчид ар араасаа Парис хотод ирж байна. Парис хотод болсон халдлагын дараа болж буй томоохон уулзалтын хүрээнд аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалснаас гадна хотод ирсэн төр засгийн тэргүүнүүд Парисын халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко зэрэг улс төрчид Парис хотод гарсан террорист халдлагын үеэр хамгийн их гарз хохирол амссан Батаклан театрт очиж хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн юм.
Парисын уулзалтанд оролцохоор ирсэн нэр хүндтэй зочдын дунд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Хятадын дарга Си Зиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар зүй ёсоор багтаж байна. Энэтхэг улсын тухайд нарны эрчи хүчийг өргөн ашигладаг улс орнуудын нэг тул Франц улсын Засгийн газартай хамтран халуун орны бүсийн нарны эрчим хүчийг өргөн ашиглах боломжтой зуун улсыг нэгтгэж, нарны эрчим хүчийг илүү өргөн цар хүрээтэй ашиглах саналтай байгаа юм. Өнөөдөр бага хурал дээр нөлөө бүхий удирдагчид үг хэлнэ. Тэдний илтгэлийн эхэнд Парисын террорист халдлагын талаар дурдагдах нь гарцаагүй.
НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын хувьд Бан Ги Мүн дэлхийн улс орнууд ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө бодит алхам хэрэгжүүлэх цаг нь ирлээ гэдгийг уулзалтын эхэнд мэдэгдсэн юм. Мөн ОХУ болон Турк улсуудыг үл ойлголцлоо арилгаж эвсэн нэгдэхийг уриалсан байна.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/