"Их говийн тэмээний баяр-2015" Говь-Алтай аймгийн төв "Алтай" хотод болж өндөрлөлөө.
Их говийн тэмээний баяр хүндэтгэлийн тэмээн парадаар эхэлж, сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн, үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, буйл зорох бурантаг томох, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдсан. Мөн хурдан ат болон торомны уралдаанууд ч болсон юм.
Баярын үеэр тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдлаа.
"Их говийн тэмээний баяр-2015" Их наадмын "Сайхан тэмээтэй ганган хос"- ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа.
Энэхүү тэмцээнд оролцсон хосууд тэмээний тоноглолоос гадна өөрсдөө үндэсний хувцсаараа ижилссэн байв.