Нүүдэлчдийн уламжлалт соёлын биет бус өвийн хосгүй төрөл Монгол Алтайн урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг үеэс үед өвлөгдөн ирсэн ч өнөө цагт уламжлагч эзэнтэйгээ хамт мартагдан, устахад хүрээд буй. Иймийн учир ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монголын цуур хөгжмийн уламжлалт урлагийг 2009 онд бүртгүүлсэн гэдэг. Тэгвэл цуурын уламжлалт урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БСШУЯ, Соёлын өвийн төв хамтран өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд нэрт цуурч Паарайн Наранцогтын нэрэмжит “Монгол цуур” төвийн бүсийн анхдугаар үзлэг зохион байгуулах гэнэ. Тэрбээр баруун Монголын урианхай ястны цуурдах уламжлалыг өвлөсөн сүүлчийн гарамгай төлөөлөгч гэнэ. 1921 онд Баян- Өлгий аймагт төрсөн тэрбээр цуурын 40 гаруй аялгууг хальснаа үлдээжээ. Япон, Англи, Франц зэрэг улсын суддаачид түүний үлдээснээр богино хэмжээний кино хийсэн байна.