Талархалын баяраар нэг этгээд Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд нэвтрэхийг завджээ.
Бейсболын цамц, бээлий өмсч, АНУ-ын төрийн далбааг нөмөрсөн 30 орчим насны эрэгтэй гэнэт ордны хашааг давж, гол хаалгаар орохыг санаархсан аж. Түүнийг ордны хамгаалалтын ажилчид саатуулж, аюулгүй зөвлөлийнхөнд хүлээлгэн өгчээ.
Харин тэрбээр "Ерөнхийлөгчтэй уулзаж, баяр хүргэхийг хүссэн" хэмээн хамгаалалтын ажилчдад баригдах үедээ мэдэгджээ. Тэрбээр мөн Цагаан ордонд болж буй хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг хүссэн учир дээрх алхамыг хийсэн хэмээжээ. Түүнийг таван цаг саатуулсны эцэст суллажээ.
Цагаан ордонд нэвтрэхийг завдсан эрийг Иосеф Капуто гэдэг байна. Залууг ямар нэгэн гэмт бүлэглэлтэй холбоогүй хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өнгөрсөн онд таван этгээд ордонд нэвтрэхийг санаархсан билээ. Энэхүү үйл явдлаас болж ордны хамгаалалтын албаны дарга огцорсон юм.