ЭМС-ын яамны сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Албан өрөөндөө авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Г.Шийлэгдамбын хамт яамных нь зарим албан тушаалтныг шалгаж байгаа мэдээлэл ч бий. Тэгвэл сайд нь авлигын хэргээр баригдаж шуугиан тариад байгаа уг салбарынхны нэр хүнд бас л хэцүүхэн зүйлтэй холбогдов. Тодруулбал, эх, хүүхэд хоёрын аминд хүрсэн гэх “аймшигт” нэрийг Улсын тэргүүний гэгдэг Нэгдүгээр төрөх эмнэлэг авав. Угаас байнга хэл ам дагуулж, хаа хаанаасаа шүүмжлүүлж байдаг эрүүл мэндийн салбарын “но”-той, ноцтой асуудлуудаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.
1. Эрүүл мэндийн яам гэж дарга нар нь тендерийн мөнгө идэж уусан, шамшигдуулсан гэх хэл амнаас салдаггүй газар болжээ. Гэтэл өдгөө бүр хээль хахууль авсан хэргээр ээлжид сайд нь шалгагдаж сууна.
2. Ер нь энэ яамны үе үеийн сайд нар “но”-той байдаг нь Эрүүл мэндийн яаманд гаднаас тусламж, хандив их ирдэг, төсвийн мөнгө ч сайн хуваарилдагтай холбоотой бололтой.
3. Эрх мэдэл дээр очсон хүний зан хувирдаг гэдэг шиг хараа хяналт султай гэх энэ газарт очсон дарга нар мөнгө идсэн хэрэгт орооцолдоод байгаад гайхах зүйлгүй мэт. Тухайлбал, Н.Хүрэлбаатар, Н.Түмэндэмбэрэл гээд тоочих албан тушаалтнууд цөөнгүй.
4. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, сайд асан Н.Хүрэлбаатар, Л.Гүндалай, П.Нямдаваа гээд С.Ламбаагаас бусад нь мөнгө идсэн хэрэгт орооцолдлоо. С.Ламбаа хүртэл тэдний “буян”-аар цагдаагийн газарт мэдүүлэг өгч байсан удаатай гэлцдэг.
5. Залуусыг “хамгаалалт” хэрэглэхийг уриалсан анхны сайд Л.Гүндалай суудлаасаа буухдаа бас л улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байв. Гэвч эцэст нь хэрэгсэхгүй болгосон.
6. Түүний өмнө сайд байсан П.Нямдаваа Siemens компанийн аппарат тоног төхөөрөмжийг нэг саяар нэмэгдүүлэн 2.5 сая ам.доллар болгон орж ирэхэд нь хүлээж авснаар нэг сая төгрөгийн "гол гаргасан" гэх мэдээлэл байдаг ч хуулийнхан батлаагүй юм.
7. Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг ЭМЯ-аас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвөөс хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан хэмээн буруутгаж 2.6 жилийн хорих ял оноосон.
8. Хамтарсан Засгийн газар тарсан “үүлэн чөлөө”-гөөр Эрүүл мэндийн сайд болсон Н.Хүрэлбаатар нууц хүү Н.Энхбатынхаа гэрт сейфтэй мөнгө хадгалуулсан нь тогтоогдож бөөн шуугиан дэгдээж байсан. Энэ мөнгөний эзэн ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар их хэмжээний мөнгийг ямар замаар олсоныг тогтоохоор хуулийнхан түүнийг шалгаж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь ил гараагүй юм.
9. Мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрүүл хүүхдийн аяны санхүүжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зүйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагуудын шалгалтад өртсөн юм.
10. Энэ мэт үе үеийн сайд нар нь ямарваа нэг асуудлаар шалгагдаж байсан эрүүл мэндийн салбар өнөөдрийн байдлаар эцэггүй хүүхэд шиг “толгой том” болсон явж байгаа гэж хэлж болно.
11. Учир нь одоогийн сайд Г.Шийлэгдамба нь бас л шалгагдаж байгаа.
12. Хамгийн сүүлд л гэхэд эх, хүүхдийн төлөө ажиллах ёстой төрөх эмнэлэг нь эх, хүүхдийн аминд хүрсэн нэр авч, олныг цочирдуулаад байна. Хэрэгт ажлын хэсэг гарч, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
13. Харин амаржихаар очоод амиа алдсан талийгаач бүсгүйн шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэр бүлийнхнийх нь зүгээс уг төрөх эмнэлэгт маш их гомдолтой байгаагаа онцлоод буй.
14. Өнгөрсөн удаад өвчтөнийхөө гэдсэнд метр гаруй самбай мартчихаад “чаддаг юм бол телевизүүдээ дууд” гээд сууж байсан Гуравдугаар төрөх эмнэлгийн асуудал шуугиан дэгдээж байсан.
15. Цаашлаад улсын тодотголтой эмнэлгүүдээс гадна эмийн сангуудын зөрчил барагдахгүй байгаа юм.
16. Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл өдгөө тэдний нэг нярайгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд байна.
17. Энэ хэрэгт “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нарыг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгтзааснаар ял төлөвлөн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноогоод байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэн яллагдагчаар “Монос”-ыг татах ёстой гэж үзсэн ч анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байна.
18. Клиникийн нэгдүгээр амаржих газарт 2010 онд хүйн халдвар гарч байсан. Олон хүүхэд халдвар авч бөөн сандрал, бөөн айдас дагуулж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.
19. Мөн харьяаллын бус нэрийдлээр хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь тавьсан гэх гомдол ч саяхны жишээ.
20. Улмаар хийсвэрээр төрөөд улмаар таван удаа хагалгаа хийлгээд өвчнөө дийлэлгүй амиа алдсан 21 настай охины хэрэгт Гуравдугаар төрөх шалгагдаж байсан. Гэвч хэн нэгэн алба хаагч хариуцлага хүлээсэн нь ч тодорхойгүй өдийг хүрлээ.
21. 2013 онд дөрвөн сартай вакцинаа хийлгэхээр очсон ихрүүдэд вакциных нь оронд буруу тариа хийснээс болж, хорвоод хосоороо ирсэн бяцхан үрс эндэж байсан.
22. Согтуу эмч дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг ч гарч байлаа.
23. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон С.Даваасүрэн гэх 61 настай эмэгтэй “Сэтгэшгүй” эмнэлэгт хэвтсэн байдаг. Улмаар 10 гаруй хоног эмчлүүлсэн ч сэхэл авалгүй нас барсан юм. Гэвч эмнэлгийн ажилтнуудын зүгээс нас барсан ээжид нь дусал залгасан талаар тухайн үед хүүхдүүд нь ярьж байсан билээ.
24. Эрүүл мэндийн салбартай холбоотой шил шилээ даран гарч буй хариуцлагагүй хэргийн тоо ийн өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Далд хэлбэрт байдаг уг асуудлуудыг иргэд ил гаргасаар байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)