Оросын СУ-24 сөнөөгч онгоцыг 6000 метрийн өндөрт, Сирийн нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байхад нь Туркийн F-16 сөнөөгч онгоц буудаж унагасан хэрэг явдал өчигдөр гарлаа. Тухайн үед онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Интерфакс агентлагт ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээллээр бол СУ-24 онгоцыг Сирийн хойд хэсэгт унагасан юм.
Харин Туркийн албаныхан тус улсын агаарын хамгаалах F-16 онгоц хил зөрчсөн Оросын онгоцонд анхааруулах дохио өгсөн ч хайхарч үзээгүй тул буудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Өмнө нь ч Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа онгоцнууд Туркийн хилийг зөрчиж байгаа тухай гомдол удаа дараа гарч байсан билээ. Уг хэргийн дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ "Оросын сөнөөгч онгоцыг буудаж унагсан энэхүү явдал нь терроризмын эсрэг тэмцлийн хил хязгаараас хэтэрлээ, энэхүү хэрэг нь террористуудын хамсаатнууд бидний "ар нуруу руу хутгалсантай" нэгэн адил юм, өнөөдөр болсон хэргийг үүнээс өөрөөр илэрхийлж чадахгүй нь" гэжээ. Мөн тэрээр Оросын Су-24 сөнөөгч онгоц Туркийн талд ямар ч аюул заналхийлэл учруулаагүй, зөвхөн Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг цохилт өгөх үүргээ гүйцэтгэж явсан гэсэн байна. Хоёр улсын хооронд үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров өнөөдөр Турк улс руу хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан байна. Тэрээр ОХУ-Туркийн хамтарсан стратеги төлөвлөлтийн тав дахь хуралдаанд оролцохоор төлөвлөж байсан юм. Мөн Оросын иргэдийг Турк улс руу зорчихгүй байхыг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас анхааруулсан байна. Дээрх хэрэгтэй холбогдон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Турк улсын өөрийн хилээ хамгаалах эрхийг бүгд хүндэтгэх ёстой гэжээ. ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн агаарын хил зөрчсөн бөгөөд агаарын хилийг даруй орхин гарах 10 удаагийн анхааруулга авсан ч хариу үйлдэл үзүүлээгүй. Иймээс Туркийн сөнөөгч онгоцнууд дүрэм журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж Режеп Тайип Эрдоган хэлжээ. Энэ хэргийн талаар мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Туркийн тэргүүнтэй утсаар ярилцсан бөгөөд тэрээр үндэсний бүрэн эрхт байдал, хилээ хамгаалах гэсэн Туркийн эрхийг АНУ болон НАТО дэмжиж байгаа талаараа хэлсэн байна. Мөн цаашид ийм хэргийг давтахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой хэмээн хоёр орны төрийн тэргүүн нар онцоллоо хэмээн Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/