Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Мали улсын нийслэл Бамако хотын Радиссон Блу зочид буудалд болсон террорист халдлагын үеэр БНХАУ-ын төрийн өмчит компаний удирдах албаны 3 хүн амь үрэгдсэн юм. Энэ явдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны зүгээс даваа гаригт хийсэн мэдэгдэлд тус улс хилийн чанадад байгаа ард иргэдээ хамгаалахын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно гэсэн байна.ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лей Хятад улс хилийн чанад дахь өөрийн орны ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хүн хүчний болон санхүүгийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна. Мөн энэ үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх Натуна бүлэг арлууд нь Индонезийн газар нутагт багтах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Хятадын байр суурийн талаар дахин мэдэгдсэн байна. Сүүлийн үед Туркийн хэвлэлүүдээр Хятад улсыг ОХУ-ын Сирид явуулж байгаа агаарын цохилтонд хамтарч эхлээд байгаа гэсэн мэдээнд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лей мөн хариу өгсөн байна. Тэрээр Туркийн хэвлэлүүдийн дээрх мэдээг бүрэн няцаагаагүй бөгөөд Сирийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх ёстой гэж хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (2)