Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгээс санаачлан “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагааг явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дунд спортын 3-н төрөлт тэмцээнийг 11 дүгээр сарын 20-нд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг нээж Их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, цагдаагийн хурандаа О.Зоригт үг хэллээ.
Тус тэмцээнд нийт 11 хүрээлэнгийн 200 гаруй тамирчид оролцож, гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрөлд авьяас чадвар, оюун ухаан, хурд хүчээ дайчлан өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Үндэсний тагнуулын академийн баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байрт, Гамшиг судлалын хүрээлэнгийн баг, гуравдугаар байрт, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг тамирчид тус тус шалгарлаа. Уламжлал болсон уг тэмцээнийг 2016 онд Үндэсний тагнуулын академийн хамт олон зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн. Өнгөрсөн жилийн тухайд ХСИС тус тэмцээнд тэргүүн байр эзэлж, шилжин явах цомыг хүртсэн учир энэ жил тэмцээнийг гардан зохион байгуулсан.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад шагнал гардуулсны дараа ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, цагдаагийн хурандаа М.Эрдэнэбаяр үйл ажиллагааг хааж үг хэлсэн. Тэрбээр “Шинжлэх ухаан, эрдэм судлалын ажилд нөр их хөдөлмөрөө зориулан ажилладаг эрдэмтэн, судлаачид та бүхэнтэйгээ нэгэн өдөр спортоор хичээллэж, хамтын ажиллагаагаа улам их өргөжүүлсэндээ талархаж байна. Бид бүхний хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй. Цаашид маш олон чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.
Д.Ундрах/24tsag.mn/