АНУ-ын Луизианна мужийн төв Нью-Орлеанс хотноо өчигдөр видео клипний зураг авалт явагдаж байх үеэр буудалцаан болж, үүний улмаас 16 хүн шархадсан талаар хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Цагдаагийн албанаас хийсэн мэдэгдэлд тус хотын 9 дүгээр дүүрэгт орших Банни Френд Плэйграунд хэмээх цэцэрлэгт хүрээлэнд зуу гаруй хүн цугларч, видео клипний зураг авалтанд оролцож байх үеэр буудалцаан болж, үүний улмаас 16 хүн шархдсан талаар хэлсэн байна. Буудалцаан орон нутгийн цагаар ням гаригийн оройны 6 цаг 15 минутад эхэлсэн бөгөөд хүний амь эрсдээгүй болохыг мөн онцлон дурьджээ. Мөн шархадсан 10 хүнийг түргэн тусламжийн автомашинаар эмнэлэгт хүргэсэн бол бусад 6 хүн хувийн автомашинаар эмнэлэгт хүргэгдсэн талаар цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Тус хотын цагдаагийн албаны төлөөлөгч Тайлер Гэмбл хэрэг үүсэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд үүссэн зөрчил хэмээн тодорхойлж хэлэхэд арай эрт байна, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн хэмээн хэлсэн байна. Мөн "хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр хоёр хэсэгт хуваагдсан хүмүүс бие бие рүүгээ гал нээж байсан" гэжээ. Шархадсан 16 хүний биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа гээд тэдгээр хүмүүсийн нэр, нас, хүйс зэрэг мэдээллийг бүрэн аваагүй байгаа гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/