Ням гаригт явагдсан Аргентин улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн гарсан байна. 30 гаруй сая хүн оролцсон энэхүү сонгуульд 52 хувийн саналаар сөрөг хүчнээс нэр дэвшигч Маурицио Макри ялалт байгуулж, тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сөрөг хүчний нэр дэвшигч сонгогдсон явдал нь зүүнийг баримтлагч одоогийн Ерөнхийлөгч Кристина Фернандез де Кирхнер болон түүний нас барсан нөхөр Нестор Кирхнерийн 12 жилийн турш төр барьсан эрин үеийг төгсгөл болголоо. Түүнтэй өрсөлдсөн эрх баригч намаас нэр дэвшигч Даниел Скиолли 48 хувийн саналаар ялагдал хүлээсэн бөгөөд тэрээр Маурицио Макрид утсаар баяр хүргэсэн талаараа хэлсэн байна. Маурицио Макригийн хувьд тус улсын эдийн засгийг бүхлээр нь шинэчилж, эдийн засаг дахь улсын оролцоог багасган, бизнесийг дэмжсэн зах зээлийн чөлөөт эдийн засагтай болгохыг зорьж байгаа юм. Сонгуульд ялалт байгуулаад байгаа Маурицио Макригийн дэмжигч олон ням гаригийн үдэш Буэнос-Айрес хотын төвд орших гэрэлт хөшөөний өмнө цугларан, түүний ялалтыг тэмдэглэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/