Тайландын Бангкок хотод саяхан болсон байт харвааны ААШТ-ээс “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох эрх хүртсэн “Нийслэл-Өргөө” компани, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Жанцангийн Гантөгстэй ярилцлаа.
-Таныг ААШТ-ий ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, “Рио-2012” зуны олимпийн наадамд оролцох болсон талаарх мэдээлэл хэвлэлд олон гарсан. Харин одоо тэмцээний сонин хачнаас сонсмоор байна?
-Байт харваагаар олимпийн наадмын эрх хүртэх амаргүй даваа гэдгийг онцолж хэлье. Энэ жил олимпийн эрх олгох хоёр тэмцээн байсны нэг нь наймдугаар сард Дани улсад болсон ДАШТ, нөгөө нь саяхан болсон ААШТ юм. Уг нь манай баг тамирчид ДАШТ-ээс олимпийн наадмын эрх хүртэх зорилготой, бэлтгэл сургуулилтаа чамбай сайн хангаж оролцсон. Олимпийн өмнөх жилийн ДАШТ, мөн эрх олгох гэдгээрээ өмнөхөөсөө илүү далайцтай болсон. Тухайлбал, ДАШТ-д 230 гаруй тамирчин оролцсон нь байт харвааны түүхэнд өмнө нь гараагүй өндөр тоо юм. Эхний 16 дугаар байрт шалгарахад олимпод оролцох эрх өгдөг. Би ДАШТ-д 23 дугаар байрт шалгарсан. Харин ААШТ-д 29 орны 88 тамирчин өрсөлдөхөд би эхний даваанд хийлж, дараа нь дараалан таван ялалт авахад медаль хүртэх нь ойлгомжтой болсон юм. Одоо олимпийн эрх олгох ганцхан тэмцээн үлдсэн нь Турк улсад ирэх оны зургадугаар сард болох тэмцээн байна. Эндээс манайхан нэмж эрх хүртэх зорилготой бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа.
-Энэ спорт хөгжсөн Ази тивээс олимпийн эрх хүртэх амаргүй биз?
-Байт харвааны хөгжлийг тодорхойлогч орны тамирчидтай өрсөлдөж, эрх хүртэх амаргүй даваа. Солонгосын тамирчид 1988 оноос эхлэн энэ спортын оргилд хүрч, одоог хүртэл ноёрхож байна. Тэд 1988 оноос өнөөдрийг хүртэл олон арван тэмцээнд оролцоход эмэгтэй тамирчид нь ганц л мөнгөн медаль хүртсэн байдаг. Бусад нь алтан медаль гэхээр тэдний амжилтын төвшин ямар хэмжээнд байгааг харуулж байна. Бусад улсын шигшээ баг солонгос дасгалжуулагч гэрээтэй ажиллуулдаг болсон.
-Манай шигшээ багт солонгос дасгалжуулагч ажилладаг байх аа?
-Тийм ээ. Ким Сог Гуан дасгалжуулагч бидэнтэй есөн сар хамтран ажиллаж байна. Бид Ким Сог Гуан дасгалжуулагчаас их зүйл сурч байна. Тэр хүн биднийг олимпод багаар нь оролцуулахаар мэрийж ажиллаж байгаа.
-Монголын үндэсний сур харваа байт харвааны сургалттай төстэй юу?
-Сур харваа бол монгол хүний яс маханд шингэсэн спорт. Монгол сур харвааны хувьд байт харваанаас хэлбэр, хэмжээ, стандарт, дүрэм гээд ялгаатай зүйл олон бий. Гэхдээ манай сур харваа мэргэжлийн спортын суурь бэлтгэл болдог гэж ойлгож болно. 1970-аад онд болгар мэргэжилтэн Монголд анх байт харваа хөгжүүлж байсан түүхтэй. Манайхан 30 жил болгар мэргэжилтний арга барилаар харвадаг байсан бол 2000 оноос арай өөр арга барилд суралцсан. Гэхдээ болгар арга барилыг орхисон хэрэг биш. Арай өөр туршлага нэвтрүүлдэг болсон хэрэг.
-Одоогоор Монгол Улсыг төлөөлж олимпод оролцох цорын ганц байт харвааны тамирчин нь та байна. Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?
-Монголд арваннэгээс нэгдүгээр сард ид хүйтэрдэг болохоор зааланд хүч, техникийн бэлтгэл хийдэг. Харин хоёрдугаар сар гарангуут өөр оронд бэлтгэл хийж эхэлж байна. БНСУ-д манайхыг бодвол арай дулаан болохоор тэндэхийн гадаа талбайд бэлтгэл хийхэд тохиромжтой байдаг юм. Бид уг нь 70 метрийн зайтай талбайд бэлтгэл сургуулилтаа хийх ёсой л доо. Гэвч өнөөдөр 30-40 метрт л бэлтгэлээ хангаж байна. Монголд байт харвааны бэлтгэл хийх стандартын талбай байхгүй шүү дээ. Илүү тохиромжтой нь “Буянт-Ухаа” спортын ордон байна. Гэвч тэнд бэлтгэл хийхэд асуудалтай. Байтын тамирчид багадаа гурван цаг бэлтгэл хийх ёстой, зургаан цаг бэлтгэл хийх ч үе байна. Гэтэл тэнд ганц манайх гэлтгүй бусад спортынхон бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан зохиодог. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийнхөн зай талбайгаа хуваагаад бэлтгэл хийхэд асуудалгүй. Харин манайх тэдэнтэй цуг бэлтгэл хийхэд хэцүү. Үнэндээ болохгүй. Суманд оногдохоос авахуулаад эрсдэл гарч мэднэ. Тэгээд зургаан цаг тэр өндөр төлбөртэй зааланд бэлтгэл хийх зардлын асуудал гарна. Манай холбоо, Үндэсний шигшээ баг их тусалдаг.
-Та олимпод хоёр дахь удаагаа оролцох гэж байна.
-“Лондон-2012” олимпийн наадам саяхан болсон мэт санагдаж байна. Цаг хугацаа ямар ч хурдан өнгөрсөн юм. Би Италид болсон ДАШТ-д есдүгээр байр эзэлж “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрх хүртэж байв. Би Лондоны олимпод улсын дээд амжилтаа эвдэхэд 19 дүгээр байрт орж байгаа юм. Өнгөрсөн олимпод оролцсон тамирчдын оноо маш өндөр хувьтай байна билээ.
Д.ЖАВХЛАН