“Хамтын тэтгэвэр”-ийн тухай хууль хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл энэ сарын 18-ны өдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй “Хамтын тэтгэвэр”-ийн хуулийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн үлдсэн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа юм.
2. Хамтдаа 10 жил амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн хосуудад тус хууль үйлчлэх юм.
3. Тогтоолгосон тэтгэврийнх нь хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, тогтоох аж.
4. Уг хуулийг анх 2012 онд өргөн барьж байжээ.
5. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж.
6. Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ.
7. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжснээр 9.8 тэрбум төгрөгийг нөхөн олгох юм байна.
8. 10 ба түүнээс дээш амьдарсан хосуудад тус хууль үйлчлэх ба ингэснээр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлнө хэмээн үзсэн байна.
9. Эхнэр, нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн байх шаардлагыг хангасан Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авагч Монгол улсын иргэн бүрт энэ хууль үйлчилнэ.
10. Хуульд хамрагдахын тулд гэр бүлээ баталгаажуулсан байх шаардлагатай.
11. С.Эрдэнэ сайд “Хамтын тэтгэврийн хууль батлагдвал тэтгэвэр авч байгаа иргэдийн нийгмийн баталгаа болно” гэдгийг онцлов.
12. Энэ сарын 18-ны өдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.
13. Өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй иргэдэд хууль үйлчлэхгүй.
14. 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэдэд Хамтын тэтгэврийн тухай хуульд хамаарахгүй юм байна.
15. Гэр бүлийн баталгаатай хэрнээ тусдаа амьдардаг эхнэр, нөхөрт үйлчлэхгүй гэх зүйл заалтыг байнгын хорооны хуралдаанаар хасав. Ингэснээр гэр бүлийн баталгаатай ч ямар нэгэн шалтгаанаар тусдаа амьдардаг эхнэр нөхөрт хууль үйлчлэхээр боллоо.
16. 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүл болон дахин гэр бүл болж амьдарсан иргэдэд үйлчлэхгүй хэмээн хуулийн төсөлд заасныг хасаж, насны зөрүүг хамаарахгүй болгов.
17. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан тэргүүтэй нэр бүхий гишүүд санаачилсан юм.
18. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэрт авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.
19. Хэрэв хууль батлагдах юм бол хуулийн шаардлагад нийцүүлэн, тогтвортой гэр бүлийн тоог Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн газартай хамтран иргэний регистрийн дугаараар гаргуулан авах бололцоотой юм байна.
20. Тус хуулийг зарим улс оронд нас барсан даатгуулагчийн тэтгэврийг эхнэр эсвэл нөхөрт нь олгохыг өвлүүлэх гэж нэрлэдэг.
21. Гадны олон улс орон Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бөгөөд өндөр настны тэтгэврийг өв залгамжлуулдаг юм байна. Өмнөд Африкийн орнуудад тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлдэг байна. Мөн Польш, Казакстан, Чили, Аргентин, Перу зэрэг оронд тэтгэврийн хуримтлалын тогтолцоогоор шийдсэн аж.
22. АНУ-д гэхэд л Тэтгэвэр хамгаалах тухай хуульд зааснаар гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь нас барсан бол тухайн цаг үеийнх нь эхнэр эсвэл нөхөрт нь тэтгэврийг шууд өвлөн авах эрх үүсдэг байна.
23. ОХУ-д бол тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд ямар хэмжээний мөнгө хуримтлагдсан талаар ОХУ-ын тэтгэврийн сангаас ирээдүйн тэтгэвэр авагчдад жил бүр “Аз жаргалын захидал” нэрээр шуудангаар мэдээлдэг байна.
24. Тэтгэврийн шимтгэл төлөгч нь өөрийн нэрийн дансан дахь хуримтлалаа зөвхөн тэтгэвэрт гарсныхаа дараа ашиглах боломжтой юм байна. Харин нас барсан тохиолдолд нэрийн дансыг нь өв залгамжлагч нь өвлөх эрхтэй байдаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)