Ууланд авирагч, цаначид болон сноубордчдын сонголт болдог Альпийн нурууны хоёрдогч өндөр оргил болох Монте Роса уулын мөсөн бүрхүүл хайлж эхлээд байгаа юм. Итали болон Швейцарь улсын хил дээр оршдог, урьд өмнө нь мөнх цаст оргил хэмээн цоллогдож байсан энэхүү уул өнөөдөр эрдэмтэд, судлаачдын уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын нөлөөллийг судлах гол цэг болж хувираад байгаа билээ.Монте Роса оргилын мөсөн бүрхүүлийг судлаач, Италийн Павиагийн Их Сургуулийн геологич Роберто Сеппи хэлэхдээ "Бид сүүлийн 10 жилийн хугацаанд энэхүү оргилын мөсөн бүрхүүл багасч, алга болж байгааг ажиглан судалж байна, Альпийн нурууны гэлтгүй дэлхийн бусад өндөр оргилуудын мөнх цас, мөсөн бүрхүүлүүд хайлж алга болсноор манай гаригийн гадаргын цэвэр усны нөөц багасах аюултай хийгээд мөн гол мөрнүүдийг тэтгэгч ус багасах, ингэснээрээ зуны улиралд хөдөө аж ахуй, газар тариалан явагдах нөхцөл боломж бүрдэхгүй байх аюул нүүрлэж байгаа юм" хэмээн онцолсон байна. Миланы Их Сургууль болон Италийн Мөсөн Бүрхүүлийн Хорооны хамтран явуулсан судалгааны дүн сүүлийн 50 жилийн хугацаанд тус улсын уул нуруудын мөсөн бүрхүүл 30 орчим хувиар хайлсан болохыг харуулсан байна. Энэ нь 527км квадрат хэмжээ бүхий мөсөн бүрхүүл 370 км квадрат болтлоо багассан болохыг нотлосон байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Монте Роса оргилд судалгаа явуулсан Италийн Үндэсний Судалгааны Албаны геологич Жиованни Мортарагийн хэлснээр мөсөн бүрхүүл жилд нилээд хэдэн метрээр багасч байсан бол энэ жилийн хувьд өдөрт бараг 10 см-ээр багасч байгаа нь бидний ач, зээ нарын үед дээрх оргил огт өөр байдалтай харагдах болно гэжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын засгийн газар хоорондын зөвлөлийн урьдчилан хэлж байгаагаар 21 дүгээр зууны төгсгөлд агаарын хэм дээд тал нь 5 хүртэлх хэмээр нэмэгдэнэ гэсэн юм. Павиагийн Их Сургуулийн Профессор Сильвио Сено Альпийн нурууны мөнх цас, мөсөн бүрхүүл хайлсаар бүрмөсөн алга болох болно гэсэн байна. Ингэснээр зуны улиралд гол мөрнүүдийг тэтгэхээ больж, үүний улмаас ган гачиг явагдаж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хүндрэлд орсноор хоол хүнсний гачигдал буюу хүнсний аюулгүй байдлын асуудалд орох аюул нүүрлэж байгаа юм. Мөн цэвдэг, мөсөн бүрхүүл хайлснаар уул нуруудын хад чулуу гулсаж, тухайн бүсэд оршин суугчдыг үхэлд хүргэж болзошгүй байдал үүсэх магадлалтай гэдгийг ч судлаачид анхааруулж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/