Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн 23 дахь удаагийн чуулган эхэллээ. Филиппиний нийслэл Манилад зохион байгуулагдаж буй энэхүү чуулганы хүрээнд дэлхийн улс орнуудын эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах, бүс нутгийн зөрчил мөргөлдөөнийг зогсоох болон өдгөө олон улсын хэмжээнд тулгамдаад байгаа терроризмын асуудлыг авч хэлэлцэх юм. АПЕК-ийн сайд нарын уулзалт өчигдөр буюу 17-ны өдөр өндөрлөсний дараа АПЕК-гийн удирдагчдын 23 дахь удаагийн албан бус чуулган Манилад эхлээд байгаа юм.
Филиппиний эрх баригчид энэ удаагийн чуулга уулзалтыг аюулгүй зохион байгуулахад ихээхэн анхаарч 20,000 орчим цэрэг цагдааг хамгаалалтанд гаргаж байна. Гэвч энэ нь Манила хотын ард иргэдийн амьдрал ахуйд ихээхэн саад учируулж, олон давхар хамгаалалт гарсны улмаас иргэдийн хувьд ажилдаа явахад ч хүндрэлтэй болжээ. Гол замуудыг хаасны улмаас хотын иргэд дүүрэг хооронд зорчихын тулд олон цагийг зарцуулж байгаа юм. Тиймээс ч иргэд ихээхэн бухимдалтай байгаа бөгөөд Филиппин улс энэхүү чуулганы үеэр олон улсад эерэгээр танигдахыг хичээж байгаа ч бодит нөөц бололцоо, ард иргэдийнхээ амьдралыг мэдрэх хэрэгтэй хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа ажээ.
Харин эрх баригчид иргэдийг чуулганыг дуусах хүртэл аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/