Монгол туулийн гал голомтыг хадгалаж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй үе үеийн туульчид өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны 11.00-13.00 цагийн хооронд Богд Хааны Ордон Музей дэх Хаан туулсийн өргөөндөө өөрийн шавь нартайгаа хамтран "Монгол туульчид" бэсрэг тоглолт хийлээ. Алс хязгаарын Ховд, Увс, Баянхонгор болон Дорноговийн өв тээгч, туульчид өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт туулиудаас хайлсан юм.
Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аврага том туурвил билээ. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг.
Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурханы шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцгой төрөл юм. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг билээ.