Өмнийн цэнхэр говийн хүү, СТА дуучин Т.Батсайханыг дуунд дуртай Монголын ард түмэн андахгүй. Тэрээр дунд сургуулиа төгсөөд нутгийнхаа ХДТ-т ажиллаж байгаад СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж МУГЖ О.Ичинхорлоо багшийн гарын шавь болсноор дуулах эрдэмд шамдан сурсан юм. Нарийн цээл хоолойтой бор хүүг багш нь дуурийн ирээдүйтэй дуучин болгохын төлөө чармайн хичээллүүлж байсан ч Батсайхан цагийн аясыг даган нийтийн дуунд хөл тавьж багшийнхаа сэтгэлийг багагүй гонсойлгосон гэдэг. Дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханьсахын жаргал” дууг дуулсан нь амжилттай болж түүнийг Монголын ард түмний хайртай олны танил дуучин болох эхлэлийг нь тавьсан юм. Цээл хоолойтой Т.Батсайхан хэдийгээр нийтийн дуу руу ийнхүү уравсан ч сурч эзэмшсэн сонгодог чиглэлээрээ уран бүтээлээ туурвиж ард түмэндээ сонгодог тоглолт хийж багшийгаа баярлуулна даа гэсэн хүсэл мөрөөдлийг байнга зүрх сэтгэлдээ далдхан тээсээр, хувийн бэлтгэлээ ч орхигдуулалгүй иржээ.
Тэрээр 5 жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа:
- Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрч, сайхан уран бүтээлийг ард түмэндээ хүргэхийг зорьж яваа жирийн уран бүтээлч. Ари, опера гэж юу байдгийг биеэрээ мэдэрч амжилтанд хүрэхийг хүсдэг. Миний багш гавьяат жүжигчин О. Ичинхорлоо намайг сонгодогоор явуулах их сонирхолтой. Байнга л "Зохиолын дуу дуулаад явах хүн биш юмсан" гэж хэлж сануулж байдаг. Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна... хэмээн ярьж байжээ.
Хүсэл мөрөөдөлтэй, зорьсон зорилготой байхад хүн юуг ч бүтээн туурвиж болдогийн тод жишээг харуулахаар СТА дуучин Т.Батсайхан “Миний...Сонгодог” тоглолтоо хийх гэж байна. Зохиолын дуугаар олонд хэдийнээ танил болсон залуу уран бүтээлч ийнхүү 11 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, басхүү багшийнхаа итгэл найдварыг алдалгүй дэлхийн сонгодог уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзах гэж байгаа нь үнэхээр бахдалтай.
Хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн “Миний...Сонгодог”-т тавтай морил.