Хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүүхэд хамгааллын Олон улсын стандарт” номынхоо нээлтийг өнөөдөр хийлээ.
Хүүхдийн эсрэг нийгэмд үйлдэгдэж буй бүх хэлбэрийн хүчирхийллээс тэднийг урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хүүхэдтэй хамааралтай ажилладаг байгууллагууд болон хууль тогтоогчид бодлого боловсруулагчид бүх түвшинд улмаар судлаачдын олон улсын хууль тогтоомжийн мэдлэгийг өсгөх, хандлагыг өөрчлөх, мэдрэмжтэй болгоход энэхүү ном зориулагдсан байна.
Номын нээлтэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн үгэндээ "Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг чухал хуулиуд хэлэлцэгдэх үеэр энэхүү ном хэвлэгдэн гарч байгаа нь чухал цаг үеэ олсон бүтээл болж байна. Энэ ном нь зөвхөн өнөөдөр төдийгүй ирээдүйд улам үнэ цэнэтэй бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Аливаа улсын хөгжлийг сайхан байшин барьснаар нь хэмждэггүй харин ирээдүйд үр хүүхдүүддээ байшин барих арга ухаан, улс орныг авч явах хөгжүүлэх чадварыг хир зэрэг төвшинд авч ирэв гэдгээр тодорхойлдог" онцлов.
Хүүхдийн хамгаалуулах эрхийг гэр бүл, нийгэм, хэвлэл мэдээлэл, сургууль, цэцэрлэгийн орчинд хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбоди, сэтгэл санаа улмаар насан туршдаа аз жаргалыг мэдэрч чадахгүй амьдрах магадлал өндөр байдгийг судлаачид тогтоосон байдгийг уг номын зохиогч М.Ичинноров хэлэв. Тэрбээр мөн "Монгол хүүхэд бүр айдсаас ангид, хүчирхийллээс хамгаалагдсан, хайрлагдсан тийм л нийгмийг томчууд бид бүтээх үүрэгтэй. Тэдний бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан, бэлгийн бойжил, хөгжлийг бүрэн бүтэн байлгахын төлөө гар гараа барилцан зүтгэцгээе. Ийм эрх ашгийн төлөө эв эе, ойлголцол, хайр хамгаас илүү үгүйлэгдэж байна. Яг одоо..." гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)