“Их-20”-ийн уулзалт Туркийн Анталья хотод болж байна. Энэ сарын 15-16 хооронд болж буй уулзалтанд “Их-20”-ийн гишүүдээс гадна Азербайжан, Испани, Малайз, Сенегал, Сингапур, Зимбабве улс оролцож байгаа аж.
Харин сарын 13-нд Францын нийслэл Парис хотод гарсан террорист халдлагаас үүдэн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд уг уулзалтад оролцоогүй байна. Мөн Аргентин улсад сонгууль болж буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Кристина Киршнер “Их-20”-ийн уулзалтад оролцсонгүй.
"Их-20"-ийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн асуудлууд, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга замыг хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн дүрвэгчдийн хямрал, “Лалын улс” террорист бүлэглэлтэй тэмцэх асуудлыг ч мөн хэлэлцэж байгаа юм байна.