Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн.
Өчигдөр хоёр тоглолт болж, Монгол, Тайваны багууд эхний хожлоо авлаа. Тодруулбал Тайван-БНСУ 6:4, Монгол-ХонКонг 8:3-аар өрсөлдөгчөө хожлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр БНХАУ-Хонконг, Монгол-БНСУ-ын багуудын тоглолт болно. Эхний тоглолт 17.00 цагаас, удаах тоглолт 20.00 цагаас эхэлнэ. Энэ тэмцээнд амжилттай оролцсон багууд ирэх онд Узбекистанд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах билээ. Тиймээс нийт хөгжөөн дэмжигч та бүхнийг Буянт-Ухаа спортын ордонд очиж, баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.
Энэ удаагийн зүүн бүсэд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ багууд багтсан юм.