Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёод хүртсэн билээ.
Түүний одон гардаж авах үеэрээ хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна.
2. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна.
3. Монгол эх орон газрын гүндээ үлэмж их баялгийг агуулсанаараа бусдын анхаарлыг татахын хамт оюуны ямар их нөөцийг агуулсан ард түмэн бэ? хэмээн Дэлхий бидний зүг чих тавьж, ажааран ширтэж эхэллээ.
4. Монголчуудын оюуны энэхүү сэргэлт нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний анхаарлын төвд орж ирлээ.
5. Түүхийн алтан агшин, дээдсийн оюун санааны эрчисийг агуулж байдаг учраас л хойч үеийнхэн нь өв соёлоо нандигнан хамгаалж, үеийн үед уламжлуулан дамжуулахын учир утга бүрддэг билээ.
6. Миний бие Дарьгангын хээр талд төрж, Алтан-Овоо, Шилийн Богд тэргүүт эртний домогт уулсын эрчимтэй тал нутгийн дөрвөн улиралд аян нүүдэлд агсагдаж, мал сүргийн захад хүн хүлэг болсноороо бахархдаг юм аа.
7. Би нэгэн ширхэг чулуунд ч нутаг ус, эх орон минь бүтнээрээ багтаж болдгийг их л багадаа мэдэрсээн.
8. Аавын морин хуурын аялгуу намайг зөөлөн намуун уянганд дуртай болгож, улмаар яруу найргийн минь хэм хэмнэлийг хөглөсөн юм.
9. Ээжийн ярьдаг үлгэрүүд, нутгийн өвгөдийн домог хууч ертөнцийг ер бусаар дүрслэн, ургуулан бодоход сургаж, ардын цэцэн цэлмэг үгс шүлэг зохиолын минь хэлийг уян налархай болгож өгсөн юм.
10. Үл тасалдан үргэлжлэх үндэснийхээ соёлоор тэтгэгдэн, уран бүтээлийн минь эх ундарга монгол язгуураасаа үндэслэж эхэлсэн гэж боддог юмаа.
11. Цээжнээс ундарсан цэцэн билгийг хад чулуундаа хадгалуулаад, бичиг соёлынхоо тиг зурлагын гайхамшигийг илтгэн цоолборлож, хээрийн салхины үлээлтээр шүлэг нь хөг аялгуу орон эгшиглэдэг ийм дурсгал дэлхийд ганцхан буй.
12. Шүлэглэдэг, аялгуулдаг чулуун судар бүтээх санааг бодож олоод хойч ирээдүйнхэндээ илгээсэн өвгө дээдсийнхээ холч мэргэн билиг оюуны ийм эх ундаргыг асгаж цалгиалгүй бас ширгээлгүй арвижуулан цогцлоож авч явахын эрхэмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм.
13. Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтээсэн соёлын дурсгалууд эх орны өргөн уудамд тархан нутагшиж, ан гөрөөс шувуу жигүүртэн, уул ус, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж оршдог оо.
14. Үг бол хүний санаа бодол, сэтгэлгээний төлөвийг шингээн түүнийг тээн зөөвөрлөгч долгион буюу шидэт эрчим хүч юм.
15. Бидний өвгө дээдэс үгийн үнэ цэнэ, хүч чадал, совин билгийг өнө эртнээс сайтар мэдэж “амны бэлгээс ашдын билиг” хэмээн; үг гэгч хэлэгдсэнээсээ хойш утга санаагаа хэзээ ч үл алдан үргэлжилнэ гэж сургажээ.
16. Үг хэлнэ гэдэг; үгээр ном соёл, судар шастир, уран зохиол бүтээнэ гэдэг бол маш том хариуцлага. Хэлсэн үг бүхэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг.
17. Бидний өвгө дээдэс бэлгэгүй үг, хов жив, бусармаг хэл яриаг “амны бузар, үгийн алдас” хэмээн цээрлэдэг билээ.
18. Өнөөдөр мэдээллийн уудам орон зай дотор элдэв гаж буруу цээртэй үг хэллэгүүд явган хов жив, атхаг хар санаа агуулсан гүтгэлэг харлуулалын бичвэрүүд тэнэж явах болжээ.
19. Ийм үг хэллэгүүд нь өөрөөсөө хар бараан муу эрчим ялгаруулж, нийгмийн оюун санааг хорлоод, улмаар буртаглагдсан орон зайн хэрээр байгалийн гамшиг, өвчин турхан болж илэрдэг, тэр үр дагавар нь муу амлагчийн үйлийн үрийг бас нөхцөлдүүлж байдагтай өнөөгийн шинжлэх ухааны мэргэд санал нэгдэж байна.
20. “Монголын нууц товчоон”- д “Хатгалдааны түрүүнд үгс буй” гэж байдаг. Хүмүүсийн харилцаанд ч, овог аймаг хэсэг бүлгийн дунд ч, улс гүрнүүдийн хооронд ч үгсээр харгалдан зөрчилдөх нь самуун дажинд хүрдэг шүү” хэмээн алтан ургийн дээдэс маань сайтар сануулсан байх юм.
21. Сайн үг бол эвийн алтан гагнаас, саар үг бол эвдрэлийн тэсрэх бөмбөг юм.
22. Даяаршилын давалгаа эрсдэлтэй, цаг төр ороо бусгаа, ертөнц хувьсамтгай гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
23. Зохиолч бидэнд үндэснийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун, хэл соёл, сэтгэлгээний үнэт зүйлсээ авч үлдэхэд өмнөх бүх цаг үеэс илүүтэй түүхэн хариуцлага оногдож байна.
24. Дэлхий дахины оюун соёлын нэгэн их салаа мөчир болох Монголын уран зохиолын нийгэм, түүхийн нөлөөг улам хүчирхэг болгох Монгол бахархалыг өдгөө цагийн уран зохиолчид бүтээж чадна. Хүн төрөлхтний утга соёлын их цутгаланд ч нийлүүлж чадна аа!
Сэтгэгдэл (14)