АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн хадам дүүс мансууруулах бодисны хууль бус наймааны хэргээр Гайти улсаас баривчлагдсан тухай дамжуулж байна. Ерөнхийлөгчийн хадмуудыг АНУ руу авч явжээ.Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурогийн гэргий, тэргүүн хатагтай Силио Флоресын авга дүү Франк Франциско Флорес дэ Фрейтас болон Эфрайн Антонио Кампо-Флорес нарыг баривчлан саатуулаад байгаа юм байна. Тэднийг АНУ руу 800 кг кокайныг хууль бусаар хил давуулан наймаалах гэж байсан хэрэгт буруутган Гайти улсын нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Сэжигтнүүдийг өнөөдөр Нью-Йоркийн холбооны шүүхийн өмнө дуудах юм. Венесуэл улсын эрх баригчдын зүгээс энэ хэрэгт холбоотой мэдэгдэл хараахан хийгээгүй байна. Харин АНУ-ын онгоц Венесуэл улсын агаарын орон зайд хууль бусаар нэвтэрсэн болохыг Батлан Хамгаалахын сайд нь анхааруулсан юм.
Ерөнхийлөгч Мадурогийн төрөл садангууд Венесуэлээс Гайтийн нийслэл Порт-э-Прийнс хотод хувийн онгоцоороо ирээд байжээ. Тэд хоёулаа дипломат албан хаагчийн пасспорттой байсан байна. Тэдний авга эгч тэргүүн хатагтай 62 настай Силиа нөхрийнхөө нэр нөлөөнд Засгийн газарт эрх мэдэл сайтай байдаг юм. Мадурог Ерөнхийлөгч болохоос өмнө Ерөнхийлөгч агсан Уго Чавезыг 1994 онд хорих газраас суллахад хуульчдын багийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/