Мьянмар улсад болсон ардчилсан сонгууль дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон. 25 жилийн дараа зохион байгуулагдсан Мьянмарын ардчилсан сонгуулийн дараа БНХАУ тус улстай цаашид ойр дөт хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байна. Өнгөрсөн Лхагва гаригт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хятад улс Мьянмартай урт хугацааны хамтын ажиллагаагаа хадгалан үлдэж, үргэлжлүүлэх эрмэлзлэлтэй байгааг мэдэгдсэн юм.
Мьянмарын сонгуулийн үр дүн ерөнхий байдлаар тодорхой болсны дараа Хятадын Гадаад хэргийн яам товчхон хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дээрхи байр суурийг илэрхийлсэн юм.
Аун Сан Сү Чигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх Үндэсний лиг” сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсны дараа цаашид улс орноо ардчилсан, энхийн замаар хөгжүүлэхээ амласан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар “Ардчиллын төлөөх Үндэсний лиг” засгийн эрхийг барих болсон нь Мьянмарыг хэтдээ ардчилсан, нээлттэй улс орон болж хөгжих үндсийг тавьж байгаа ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/