АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Facebook”-тай болжээ. Түүнийг нийгмийн сүлжээнд ийнхүү өөрийн хуудсыг албан ёсоор нээсэн талаар Цагаан ордны цахим хуудсанд мэдээлжээ.
Барак Обама “Сайн байна уу, Facebook! Ямартаа ч өөрийн гэсэн хуудастай боллоо. Та бүхэн энэ хуудсыг манай орны өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудыг бодитоор хэлэлцэх боломжтой талбар гэж үзнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд сэтгэгдлээ үлдээж, хоорондоо санал бодлоо солилцохыг уриалжээ.
Обама хуудсандаа үлдээсэн мэдээлэлдээ “үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө эх дэлхийгээ хайрлаж хамгаалах” нь чухал болохыг мэдэгдсэн байна. Үүний тулд уур амьсгалын өөрчлөлтийг шийдэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна. Энэ асуудлыг Обама Францын нийслэл Парис хотод 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11 хүртэл үргэлжлэх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар 21 дүгээр бага хурлын үеэр бусад орны удирдагчидтай хэлэлцэх юм.
Обамагийн “Facebook”-т нээсэн хуудас нь америкчуудтай онлайнаар шууд харилцах шинэ хэрэгсэл болно аж.