Олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилгоор ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна. Ийм шийдвэр гаргаснаа ОУОХ-ны албан ёсны сайтад аравдугаар сарын 27-нд мэдээлжээ. Кувейт нь Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт юм.
ОУОХ нь асуудлыг шийдвэрлэхээр Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Олон улсын спорт холбоодуудтай нягт хамтран ажиллаж боломжтой бүхнийг хийсэн байна. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 12-нд ОУОХ-нь Кувейтийн олимпийн хороо, Кувейтийн Засгийн газар болон Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Зуны олимпийн олон улсын холбоодын холбооны төлөөлөгчдийг байлцуулсан уулзалт хийж, аравдугаар сарын 27-ны дотор тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх байсан боловч дээрх хугацаанд Кувейтийн төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Иймд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж, Олимпийн Хартийн 27.9 болон 59.1.4 /а/ үндэслэн доорх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ОУОХ-ны Олимпийн Хартийн дагуу Кувейтийн олимпийн хороо нь Олимпийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, явуулах эрхгүй болж байгаа аж. Үүнд мөн Кувейтийн олимпийн хорооны гишүүн холбоодын зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээ орж байгааг ч дурджээ.